Шууд Chart

ХБНГУ Катараас байгалийн хий худалдан авах гэрээ байгуулж байна

2022-03-22 13:21:00

Европын хамгийн том эдийн засаг Герман ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа бууруулах зорилтынхоо хүрээнд Катар улсаас  байгалийн хийн худалдан авах гэрээ байгуулжээ.

ОХУ нь Германы байгалийн хийн гол нийлүүлэгч улс. Гэвч ОХУ Украинд цэрэг дайны ажиллагаа явуулснаас хойш Европын холбооны орнууд ОХУ-аас авдаг эрчим хүчнийхээ хамаарлыг бууруулах чиглэлд байр суурь нэгдээд байна. Энэ хүрээнд Германы сангийн сайд хэд хэдэн санаачилга гаргаад байгаа аж.

Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани ням гарагт Доха хотноо Германы сангийн сайдыг хүлээн авч, хоёр орны харилцаа ялангуяа эрчим хүчний харилцааг өргөжүүлэх арга замуудыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд хоёр тал гэрээ байгуулж байгааг Германы сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч нотолсон байна.

Мөн Германы талын эх сурвалжийн мэдээлснээр Катар нь Германд байгалийн хий нийлүүлэх гэж олон жил сонирхлоо илэрхийлсэн, хэлэлцээ бодит үр дүнд хараахан хүрээгүй байсан юм.

Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр Германы канцлер Олаф Шольц ОХУ-аас хэт хамааралтай байна гэсэн иргэдийнхээ шүүмжлэлийн хариуд шингэрүүлсэн байгалийн хий авах 2 шинэ терминалын бүтээн босголтыг эхлүүлж байгаагаа зарлаж байсан. ОХУ Украинд цэрэг оруулсны дараа Герман улс Балтийн тэнгисийн ёроолоор ОХУ-аас шууд байгалийн хий авах зориулалттай "Хойд Урсгал-2" хийн хоолойг ашиглах зөвшөөрөл өгөхөөс татгалзаад байгаа.

Мөн Герман улс нь энэ оны эцэс гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөж байгаатай холбоотойгоор Европын хамгийн том эдийн засагтай тус улс эрчим хүчний бүх хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэсэн асуултыг ажиглагчид тавьж байгаа юм.

Катарын хувьд байгалийн хийн экспортоор дэлхийд тэргүүлэгч 10 орны 3 дугаарт жагсдаг юм. Байгалийн хийн экспортоор өнөөдөр ОХУ, АНУ, Катар, Норвеги, Австрали зэрэг орнууд жагсаалтын эхний 5-д багтаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ Катараас байгалийн хий худалдан авах гэрээ байгуулж байна   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй