Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа дахин мэдэгдлээ. Тэрбээр ням гарагт CNN телевизэд ярилцлага өгөх үедээ “Хэрэв яриа хэлэлцээ амжилтгүй болбол хоёр улсын хоорондын тэмцэл “Дэлхийн 3-р дайнд” хүрнэ"" гэдгийг анхааруулсан байна.
Мөн Украины ерөнхийлөгч, “Би Оросын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна. Сүүлийн 2 жил бэлэн байсан. Миний бодлоор хэлэлцээ хийхгүйгээр бид энэ дайныг зогсоож чадахгүй. Хэрвээ дайныг зогсооход бидэнд ганцхан хувийн боломж байвал тэр боломжийг ашиглахад бэлэн байна.” гэлээ.
Харин даваа гарагт үдээс хойш ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, "Хоёр удирдагч биечлэн уулзахын тулд хэлэлцээний үр дүнг тохиролцох шаардлагатай, одоогоор төрийн тэргүүн нар эцсийн байдлаар тохирох гэрээний төсөл гараагүй байна" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, "Хэлэлцээ хийх газрыг сонгох нь хоёр дахь асуудал. Москва Киевтэй хэлэлцээ хийхэд зуучлах санал тавьж байгаа бүх улсад талархаж байна. Хэлэлцээг хийх газрыг сонгох нь чухлаас гадна Украин илүү хамтран ажиллаж, бүтээлч байдлаар оролцох нь чухал" гэв.
Энэ үеэр ОХУ Украины цэргийг Мариуполь хотод нээх хүмүүнлэгийн коридороор зэвсгээ хаяад хотоос гарах боломж олгож байгаа тухай ТАСС мэдээлсэн. Гэвч Украины засгийн газар Оросын саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Гэхдээ Мариуполь хотоос бусад бүслэлтэд байгаа хот суурингуудад 8 чиглэлд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор гаргахаар тохиролцжээ.
| ОХУ хэлэлцээнд Украин илүү бүтээлч хандах нь чухлыг онцлов | ||
| Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.