Шууд Chart

Мариуполь хот бууж өгөх тухай ОХУ-ын шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа

2022-03-21 16:01:20

Украины засгийн газар олон хоног бүслэлтэд байгаа Мариуполь хотод бууж өгөхийг шаардсан Оросын армийн шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа. Энэ тухайгаа Украины засгийн газрын дэд сайд мэдэгдсэн байна. Өчигдөр Оросын батлан хамгаалах яам Мариуполь хотод Украины арми бууж өгвөл хүмүүнлэгийн коридор гаргах саналыг Киевийн талд тавьсан юм.

Тодруулбал, Оросын батлан хамгаалахын яам Мариуполь хотод хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрсэн учир зэвсгээ хураалгасан бүх хүнд хотоос аюулгүй гарч явах боломж олгоно гэж өчигдөр мэдэгдсэн. Хэрэв Украины тал саналыг хүлээж авбал даваа гарагийн өглөө 10 цагаас эхлэн хүмүүнлэгийн коридор нээнэ гэж Оросын тал мэдэгдсэн.

Мөн Оросын арми Мариуполь хотоос гарч явах аюулгүй коридорыг баруун зүүн чиглэлд зэрэг нээнэ гэж амласан юм байна. Үүний өмнө Мариуполь хотод 400 гаруй хүн хоргодож байсан урлагийн сургуулийг Оросын арми бөмбөгдсөн тухай тус хотын захиргаа мэдээлж байсан. Мариуполь хот нь 2 дугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээс хойш хамгийн их хохирол амссан хотод тооцогдож байгаа юм. Хот одоогоор бүслэлтэд байна.

Хотын байшин барилгын 80 орчим хувь нь сүйрч, 400 гауй мянган оршин суугчийнх нь дийлэнх хувь нь хүнс, цэвэр ус, цахилгаангүй бүслэлтэд байна гэж Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Түүнчлэн тус хотын захиргаа телеграмм хуудсандаа өнгөрсөн 7 хоногт хотоос дүрвэсэн хэдэн мянган иргэнийг Оросын тал хүчээр өөрийн нутаг руу нүүлгэсэн гэж мэдэгджээ.

Азовын тэнгисийн хамгийн том боомт хот Мариуполь нь Украин руу өмнөд болон зүүн хэсгээс довтолж байгаа Оросын цэргийн анги нэгжүүдийн уулзах цэг учир стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог. Оросын арми сүүлийн 2 өдөр дараалан Украинд дуунаас хурдан пуужин ашигласан тухайгаа мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мариуполь хот бууж өгөх тухай ОХУ-ын шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа   
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй