Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио, Энэтхэг улсад анхны ажлын айлчлал хийх хүрээндээ тус улсын ерөнхий сайд Нарендра Модитой 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудал зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
Энэ үеэр Япон улс ирэх 5 жилийн хугацаанд Энэтхэг улсад 42 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийх замаар 2 талын худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцлоо.
Тодруулбал, Японы талаас хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь Шинэ Дели хотын дэд бүтэц болон ногоон эрчим хүч зэрэг хэд хэдэн салбарын хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлэх болов уу гэж найдаж байна. Япон улс Энэтхэгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэр дундаа өндөр хурдны галт тэрэгний төслийг дэмжиж ирсэн.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Япон улс Энэтхэгт 32 тэрбум америк долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь гол төлөв автомашин, цахилгаан тоног төхөөрөмж, харилцаа холбоо, эрүүл салбарт зарцуулагдсан байна. Японы Засгийн газрын мэдээлснээр 2019-2020 оны хооронд 2 талын худалдааны хэмжээ 12 тэрбум америк долларт хүрч өсжээ.
Тус уулзалтын үеэр 2 тал Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын холбоогоо бэхжүүлэхийн төлөө зорилго нэг байгаагаа дахин нотоллоо.
Энэтхэг улс Японтой харилцаагаа өргөжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдлын гол түлхүүр гэж үзэж байна. Үүний зэрэгцээ 2 тал дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Украины нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Энэтхэг улсын хувьд, ОХУ-ын Украинд явуулж буй цэрэг дайны ажиллагааг зөвтгөөгүй боловч дэмжсэн байр суурийг илэрхийлээгүй. НҮБ-ын тусгай чуулганы хуралдаанд Энэтхэг улс Оросын эсрэг түдгэлзсэн санал өгсөн 4 улсын нэг болсон.
Харин Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж тэр дундаа өндөр технологийн бүтээгдэхүүний экспортод хяналт тавьж байгаа юм. Япон улс Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Энэтхэгт хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө.
| Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Энэтхэг улсад айлчилж байна | ||
| Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.