БНХАУ-д цар тахлын шинэ давлагаа эхэлж байна. Хятадын засгийн газар цар тахлыг зогсоох бодлогоо өргөжүүлж, хөл хорио хязгаарлалтын дэглэмийг чангатгаж байна. Одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд 17 сая хүн хөл хорионд орсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Тодруулбал, Хятадын Засгийн газар хамгийн сүүлд буюу өнгөрсөн Ням гарагт техник технологийн төв болсон Шеньжен хотод хөл хорио тогтоолоо. Энэ хотод Хятадын харилцаа холбооны хамгийн том компани болох Хуавей, Тенсент зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг.
ХонгКонгт халдвар тархахаас сэргийлж, 13 сая хүн амтай Шеньжэн хотод 7 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоож, аж ахуй нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаанд хаалаа. Мөн хөл хорионы хугацаанд нийт оршин суугчдын дунд 3 удаа шинжилгээ авах аж.
Одоо хамгийн том голомт нь Хятадын зүүн хойд хэсэгт орших бүс нутгууд болж байна. Өнгөрсөн Баасан гарагт Жилин мужийн 9 сая хүн амтай Чанчунь хотод хөл хорио тогтоосон. Мөн Нийслэл Бээжин болон Шанхай хотуудад цар тахал голомтлон тархаад байна.
Хятадын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар, "Тус улсад бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын 70 гаруй хувьд нь ямар нэг шинж тэмдэггүй илэрч байгаа нь тархалтыг хумих хүчин чармайлтад шинэ сорилт дагуулж байна. 2-3 удаагийн давтан шинжилгээгээр эерэг тохиолдлууд илэрч байна" гэжээ.
Одоогийн байдлаар, Хятадын 18 мужид омикрон болон дельта хувилбар голомтлон тархаад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1337 тохиолдол шинээр бүртгэгджээ.
| БНХАУ-д цар тахлын улмаас 17 сая хүн хөл хорионд байна | ||
| Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.