Шууд Chart

БНХАУ 2022 онд эдийн засгаа 5,5 хувиар өсгөх зорилт тавьж байна

2022-03-12 10:46:05

Энэ чуулганаас ХКН-ын дарга Ши Жиньпиний албан тушаалыг хадгалах, эдийн засгаа энэ онд 5,5 хувиар өсгөж, батлан хамгаалах зардлаа 7,1 хувиар нэмэгдүүлэх зорилтыг тус тус дэвшүүлжээ.

Хятад улс эдийн засгийн өсөлтийн зорилтоо сүүлийн 10-н жил дэх хамгийн доод түвшинд буюу 5,5 хувь болгон бууруулж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын өмнө илүү их хөдөлмөрлөх, чармайлт шаардахуйц шинэ эрсдэл, сорилт тулгарч байна гэж Засгийн газар нь үзэж байна. Ши Жиньпин болон бусад удирдагчид төлөөлөгчдийн хамт Засгийн газрын ажлын тайлан, улсын төсөв, төсвийн жилийн тайлан болон бусад хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаншу: “Шинэ эрин үеийн Хятадын социализмын тухай Ши Жиньпиний номлол нь Үндсэн хуулиар тогтоосон үндэсний чиглүүлэгчийн үзэл санаа. Бид үүнийг урт хугацаанд баримтлах ёстой. Энэ бол төв хороо болоод Коммунист намд ЕНБД Ши Жиньпиний байр суурь, намын төв хорооны эрх мэдэл, нэгдсэн удирдлагыг хэвээр хадгалах намын суурь тогтолцоо юм” гэв.

Мөн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухай 2022 оны төлөвлөгөөг баталсан байна. Өнгөрсөн онд тус улсын эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдэл нэмэгдсэн.  Бээжин үл хөдлөх хөрөнгийн салбарт өр зээлийн хяналтыг чангатгаж, цар тахлын хязгаарлалт болон экспортын эрэлт буурсан зэргээс үүдэн барилгын салбар нь уналтанд орсон. Мөн Украины байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өссөнөөр Хятад улс дахин эрчим хүчний үнийн өсөлттэй ч тулгарч байна. Иймд Хятадын Засгийн газар эдийн засгийн удаашралыг арилгахын тулд шинээр 13 сая ба түүнээс дээш тооны ажлын байр бий болгох амлалт авчээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян: “Бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг бизнес эрхлэгчдэд зориулж нийт 2,5 их наяд юанийн буюу 400 тэрбум долларын татвар, хураамжийг хөнгөлөх, чөлөөлөх замаар “ажлын байрыг дэмжих” бодлого баримтална” гэлээ.

Украины талаар Хятадын Төрийн зөвлөлийн сайд хэлэхдээ Орос, Украины байдлыг энхийн замаар намжаах ямар ч хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байна. Хятад улс Украинд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэх болно гэж байр суурь илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ 2022 онд эдийн засгаа 5,5 хувиар өсгөх зорилт тавьж байна  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй