Шууд Chart

АНУ Колумбыг НАТО-гийн гишүүн бус холбоотноо болгов

2022-03-11 13:33:56

Ингэснээр Латин Америкийн Колумб улсын хувьд батлан хамгаалах, худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны салбарт тодорхой үр өгөөжөө өгнө гэж Байден Колумбын Ерөнхийлөгч Иван Дукег Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа илэрхийлжээ.

Колумбын бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа Ерөнхийлөгч Иван Дуке улс орныг нь НАТО-гийн бус гол холбоотноо болгож байгааг таатайгаар хүлээн авчээ. Тэрбээр энэ бол хоёр улс хамтын үнэт зүйл, зарчмаа хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэсэн байна. НАТО-гийн бус гол холбоотон улс гэдэг нь АНУ-ын хуулийн дагуу гадаадын түншүүдэд батлан хамгаалах, худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны чиглэлээр давуу тал олгодог. Энэ нь АНУ ийм түншүүдтэйгээ нягт хамтын ажиллагаатай байдгийн бэлгэдэл гэж Төрийн департаментын мэдээлэлд дурдсан байна. Гэхдээ АНУ ийм зиндааны түнш орнууддаа НАТО-гийн гишүүн улс орнуудад үзүүлдэгтэй адил аюулгүй байдлын баталгааг өгдөггүй.  НАТО-гийн гишүүн орнууд ч халдлагад өртсөн нөхцөлд гишүүн бус холбоотон орныг хамгаалах үүрэг хүлээдэггүй юм. Цагаан ордонд болсон энэ уулзалт Орос Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлснээс хойш АНУ Колумб улстай ашиг сонирхлоо хуваалцах боломжийг Байденд олголоо гэж Ассошейтэд Пресс агентлаг мэдээлж байна.

Иван Дуке Оросын цэрэг дайны ажиллагааг шүүмжилж байгаагийн зэрэгцээ Колумб улс Оросыг Украинаас цэргээ гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд дэмжсэн санал өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Колумбыг НАТО-гийн гишүүн бус холбоотноо болгов  
Үзсэн: 3411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй