Шууд Chart

АНУ ОХУ-ын газрын тосны импортод хориг тавилаа

2022-03-09 12:38:50

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын газрын тосны импортод хориг тавьж байгаагаа зарлалаа. Ингэснээр ОХУ-ын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанд санхүүгийн талаас хүчтэй цохилт өгнө. Өөрөөр хэлбэл, Оросын эдийн засгийн гол судсыг нь онилж байна гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдэж байна.

Америкийн конгресс ч Оросоос авч байгаа эрчим хүчний импортод хориг тавих, Орос, Беларусьтай худалдааны харилцааг зогсоохоор Цагаан ордонд шахалт үзүүлж байна. Мөн энэ хориг арга хэмжээг авсан нь хий болон шатахууны үнэ өсөх эрсдэлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгааг харуулж байна гэж Америкийн хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европ болон түнш орнуудтай Оросоос эрчим хүчний салбарын хараат байдлыг бууруулах урт хугацааны стратеги боловсруулахаар хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ хүрээнд Цагаан ордны тэргүүн Саудын Араб улсад айлчилж, газрын тосны салбарт хамтран ажиллах зорилготой байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, ирэх хавар Цагаан ордны тэргүүний айлчлалын тухай хэлэлцэж байна гэж мэдээлж байна.

Европын орнууд хийн нийт хэрэглээний 90 хувь, газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортоор авдаг. Үүнээс байгалийн хийн хэрэглээний 40 хувь, газрын тосны бүтээгдэхүүний 30 хувийг зөвхөн ОХУ-аас авдаг.

Харин АНУ-ын хувьд газрын тосны 8 хувийг л импортоор авдаг юм байна. Одоо дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлт тогтмол үргэлжилж, Брент маркийн газрын тос л гэхэд 125 ам.долларыг давлаа.

Үндсэндээ газрын тосны ханш 35 хувиар өсч, 2008 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрч өсөөд байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ОХУ-ын газрын тосны импортод хориг тавилаа   
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй