Шууд Chart

ОПЕК олборлолтын бодлогоо хэвээр хадгална

2022-03-05 13:26:23

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК болон гишүүн бус орнууд, цахимаар хуралдаж, ирэх сарын олборлолтын хэмжээг хэлэлцлээ. Ирэх 4 дүгээр сараас газрын тос олборлолтын хэмжээг нэг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Олон улсад газрын тосны ханш огцом өсч байгаа боловч ОПЕК-ын орнууд, газрын тосны олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх бодлогоо цаашид ч хэвээр хадгална гэж үзэж байна.

Тодруулбал, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн тогтворгүй байдал нь суурь үзүүлэлтийн өөрчлөлтөөс илүүтэй геополитикийн нөхцөл байдалтай холбоотой гэж гишүүн орнууд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн зах зээлийн тогтворгүй байдлыг богино хугацаанд үргэлжилнэ. Том зураглалаар нь харвал зах зээлд нийлүүлэлтийн хомстол үүсээгүй гэж үзэж бодлогоо хэвээр үргэлжлүүлэх аж.

Мөн, одоогийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, цаашлаад хэтийн төлөв байдлаас харахад, эрэлт нийлүүлэлт нь тэнцвэртэй, үнийн өсөлт ч гэсэн богино хугацаанд хэлбэлзэх төлөвтэй  байгааг харуулж байна. ОПЕК-ийн уулзалтын өмнө, олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд мягмар гарагт цахимаар хуралдаж, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах,  эрчим хүчний зах зээл дэх тасалдлыг нөхөхийн тулд нөөцөөсөө нийт 60 сая баррель гаргахаар шийдвэрлэснээ зарласан.

Үүний 30 саяыг АНУ-ын стратегийн газрын тосны нөөцөөс бүрдүүлэх бол үлдсэн 30 сая баррелийг бусад гишүүн орон нөөц боломжид тулгуурлан шийдвэрлэхээр тохиролцсон. Харин шинжээчид үүнийг газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлан барьж, нэг түвшинд балгахад тийм ч үр дүнтэй арга хэмжээ гэж үзэхгүй байна. ОПЕК-ын гишүүн орнууд, 2022 онд, дэлхийн газрын тосны эрэлт нэмэгдэж, нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээ 4,2 сая баррель болж өснө гэж тооцоолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОПЕК олборлолтын бодлогоо хэвээр хадгална  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй