Шууд Chart

АНУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ

2022-03-03 12:19:44

Өнгөрсөн 2 дугаар сард АНУ-д ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлттэй гарлаа. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд ажил олгогчид нийт 475 мянган ажлын байр бий болгожээ.

Энэ оны нэгдүгээр сард тус улсад омикрон хувилбарын тархалтын улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан иргэдийн тоо 300 мянгад хүрээд байв. Мөн өнгөрсөн 10 дугаар сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин, сүүлийн хагас зуун жилийн хугацаан дахь түүхэн доод үзүүлэлтийг харуулж байсан.

2022 оны эхэнд эдийн засгийн шинжээчид, АНУ-ын эдийн засаг, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байсан. Гэвч, Америкийн ажилгүйдлийн түвшин нэгдүгээр сард, эргээд огцом өссөн нь, шинжээчдийн таамгаас даваад байсан.

Харин, хоёрдугаар сард цар тахлын дэгдэлт буурч, хөл хорио хязгаарлалтын дэглэмүүд суларч, Цагаан ордон болон холбооны нөөцийн сан эдийн засгаа дэмжих бодлого барьж ажилласан нь, хөдөлмөрийн зах зээл эргээд сэргэхэд гол нөлөө үзүүллээ гэж шинжээчид онцолж байна.

АНУ-ын засаг захиргаа, хөдөлмөрийн зах зээлээ сэргээх, эргээд хэвийн байдалд оруулахын тулд, хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал,  ажилгүйдлийн нөхөн төлбөрийг 6 болон түүнээс дээш сарын хугацаанд ажилгүй байсан иргэдэд 7 хоногт 300 орчим америк доллароор нэмэх, бизнесүүдийг дэмжихийн тулд бага хүүтэй зээл олгох, ажил олгогчдыг ажлын байраа хадгалж үлдэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авчээ.

Өнгөрсөн оны  дунд үед Америкийн ажил олгогчид 22 сая ажлын байрыг цомхтгож байсан бол өнөөдрийн байдлаар ажилгүй иргэдийн тоо 4 сая болтлоо буураад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ   
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй