Шууд Chart

БНСУ-д коронавирусний хүндрэлээр нас баралт өндөр хэвээр байна

2022-03-01 14:37:31

БНСУ-д өдөрт бүртгэгдэх коронавирусний халдварын тоо буурч эхэллээ. Тус улсад хоёр дахь өдөр дараалан 140.000-гаас бага тохиолдол бүртгэгдсэн боловч коронавирусний хүндрэлээр нас баралт өндөр хэвээр байна. Хэдийгээр халдвар өндөр байгаа ч тус улсын эрх баригчид өнөөдрөөс зарим хязгаарлалтуудаа дахин сулрууллаа.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр сүүлийн 24 цагт тус улсад 139.626 коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 112 хүн коронавирусний халдварын хүндрэлээр нас барсан байна.

Ингэснээр тус улсад халдвар бүртгэгдсэн цагаас хойш 8170 хүн нас баржээ. Мөн нас баралтын хувь 0.26 хувь байна гэж "Ёнхап" агентлаг мэдээллээ. БНСУ-д халдварын түвшин өндөр хэвээр байгаатай холбогдуулан цар тахлын үед ажиллах боловсон хүчний хомсдол үргэлжилсээр байна.  

Харин тус улсын эрх баригчид ажиллах хүчний ачааллыг хөнгөлөх үүднээс дараах шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу иргэдийг ресторан, кафе зэрэг 11 төрлийн нийтийн байгууламжийг ашиглахад вакцины гэрчилгээ шаардахгүй.  

Мөн аливаа байгууламжид нэвтрэхэд шинжилгээний сөрөг хариу шаардахыг зогсоолоо. Учир нь нийгмийн эрүүл мэндийн хязгаарлагдмал нөөц бололцоогоор өндөр эрсдэлтэй бүлэгт шинжилгээ хийх, халдвар авсан хүмүүсийг эмчлэхэл чиглүүлнэ гэж тус улсын эрх баригчид үзсэн юм.

Үүнээс гадна тус улсад гуравдугаар сарын 9 гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 230.000-д хүрч, хүнд өвчтэй өвчтөний тоо 1200-гаар нэмэгдэх төлөвтэй байна гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдээд байна.

Урьдчилсан таамаглалаар "омикрон" хувилбарын давлагаа ирэх сарын эхээр, эсвэл дундуур оргилдоо хүрч, өдөр тутмын халдварын тоо 350.000-д хүрч болзошгүй байна. Тиймээс тус улсын эрх баригчид бүрэн бэлтгэлтэй байгаа гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д коронавирусний хүндрэлээр нас баралт өндөр хэвээр байна  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй