Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн асуудлаар хуралдлаа

2022-03-01 14:18:58

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлаар хуралдлаа. НҮБ-ын тэргүүн Антонио Гуттериш "Украины хүмүүнлэгийн хямрал улам хурцдаж байна. Өнөөдрийн байдал Украинаас хөрш орнууд руугаа дүрвэсэн хүний тоо 520 мянгад хүрсэн" гэж мэдэгдлээ. Тэгвэл энэ тоо өчигдөр 370 мянга орчим байсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлэхдээ "Украины хүмүүнлэгийн хямралын улмаас дүрвэгсдийн тоо цаг, минут тутамд нэмэгдэж байна. Миний хувьд дүрвэгсдийн асуудлаар олон жил ажилласан ч сүүлийн 40 жилийн хугацаанд ийм хүмүүнлэгийн хямрал үзсэнгүй. Энэ бол Балканы дайнаас хойш гарч байгаа хамгийн том хүмүүнлэгийн хямрал. Мөргөлдөөнийг нэн даруй зогсоохгүй бол украинчууд дүрвэсээр байх болно. Бидний тооцооллоор дөрвөн сая хүн дүрвэх төлөвтэй байна. Ийм олноор хүмүүс дүрвэж байгаа нь дэлхийн улс орнуудад хүндрэл учруулна" гэлээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлаар яаралтай хуралдаанаа Нью-Иоркийн цагаар 17:00 цагт эхэлсэн. Энэ хурлыг хийх саналыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гаргасан байна.

Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн болон дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн ажилтнууд оролцож, үг хэлж, санал бодлоо солилцжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг бүх талуудад уриалж, мөн Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэх шийдвэртэй байгаагаа мэдэгджээ.

НҮБ Украин дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх уриалгыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болж байна. Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс Аюулгүй байдлын зөвлөлд хэлэхдээ "Одоогоор 160.000 хүн дотооддоо дүрвэж, эрүүл мэнд, хоол хүнс зэрэг нэн чухал үйлчилгээ авч чадахгүй байна. Тиймээс одоо Украинд хамгийн тулгамдаж байгаа хүмүүнлэгийн хэрэгцээ бол чухал эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ундны ус, дүрвэгсдэд зориулсан бие хамгаалах хэрэгслүүд юм. Иймд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх асуудлыг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн үүнийг Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон гишүүд дэмжсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн асуудлаар хуралдлаа  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй