Өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдлаа. Тус чуулганд НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөл үг хэлсэн юм. Ерөнхий ассемблейн тусгай чуулган Орос, Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх үетэй давхацсан.
НҮБ-д суугаа Украины Элчин сайд Сергей Кислицц НҮБ-ын Ерөнхий ассамблейн яаралтай хуралдаанд оролцож, ОХУ-ын Украин руу түрэмгийлсэн асуудлаар үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас батлах тогтоолын төсөлд
- ОХУ-ыг байлдааны үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох;
- Цэргээ Украины нутгаас бүрэн татан авахыг шаардсан заалт орсон байна.
НҮБ-ын тогтоол батлагдсан тохиолдолд АНУ, Европын Холбоо бусад орнуудын зүгээс дараа дараагийн шатны арга хэмжээг авах эрх зүйн үндэс болох юм. Чуулганы хуралдаан 2-3 хоног үргэлжлэх төлөвтэй байна.
НҮБ-д суугаа Украины Элчин сайд Сергей Кислицц "Ерөнхий ассамблей, Украины эсрэг довтолгоогоо зогсоохыг ОХУ-аас шаардах ёстой. Оросын үйлдлийг тусгаар тогтносон улсын эсрэг түрэмгийлэл гэж үзэж байна. Орос улс ямар нэгэн болзолгүйгээр Украины нутаг дэвсгэрээс нэн даруй цэргээ гаргахыг ОХУ-аас шаардаж байна. Украины Донецк, Луганск мужуудын бүс нутгийн статустай холбоотой шийдвэрээ цуцлахыг ОХУ-аас шаардаж байна. Олон улсын хүмүүнлэгийн хуулийн заалтыг бүрэн дагаж мөрдөхийг шаардаж байна. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблей Украины эсрэг Оросын түрэмгийлэлд оролцсон Беларусьт хариуцлага тооцох ёстой" гэв.
НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Василий Небензиа "Би дараах зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Одоогийн хямралыг даван туулах зам нь Украинаас өөрөөс нь хамаарна. Тус улс олон жилийн турш хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж, Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан. Украин Минскийн хэлэлцээрийг дахин нягталж, 2015 онд гарын үсэг зурсан хэлэлцээрээ дагаж мөрдөх ёстой. Үүний тулд, Донецк, Луганск хоёрын хооронд байгуулсан баримт бичигт заасанчлан шууд яриа хэлэлцээ хийх шаардлагатай байсан юм. Украин улс энэхүү яриа хэлэлцээнд оролцохыг хүсээгүй. Мөн Донбасст онцгой статус олгох арга хэмжээ авахгүй гэж тус улсын удирдлагууд үзэж байсан. Харин Украины энэ үйлдлийг барууны ивээн тэтгэгчид нь идэвхтэй дэмжиж байсан. Ингэснээр бид Донбассын оршин суугчдыг цаашид хохироох ёсгүй гэж үзэж ийм алхам хийсэн" гэжээ.
БНХАУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн "Нөхцөл байдал бидний харахыг хүсээгүй хэмжээнд хүрлээ. Энэ асуудал нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй. Харин яаралтай, нэн тэргүүний зорилт бол талууд тэвчээртэй байж нөхцөл байдлыг дордуулахгүй байхын зэрэгцээ энхийн замаар асуудлыг шийдэх дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой. Украин бол томоохон гүрний өрсөлдөөний фронт биш. Харин зүүн, барууныг холбогч “гүүр” байх ёстой. Бид талуудын хооронд шууд яриа хэлэлцээ хийх таатай уур амьсгал, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргахыг бусад улсуудад уриалж байна. Энэ бол хамгийн чухал арга зам. Иймээс энэ асуудлыг шийдэж өгнө үү" гэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Украинд гал зогсох ёстой. Талууд хэлэлцээ хийж, асуудлыг энх тайван замаар шийдвэрлэхэд хэзээ ч оройтохгүй. Одоо Орос, Украин хоёр талын хооронд шууд яриа хэлэлцээ явагдаж байна гэж найдаж байна. Оросын төлөөлөгчид тулалдааныг нэн даруй зогсоох төдийгүй дипломат аргаар шийдвэрлэх арга замыг бий болгох ёстой. Дүрвсэгсдийн тоо цаг, минут тутамд нэмэгдэж байна. Энэ нь Европт сүүлийн хэдэн арван жилийн турш тохиосон хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал болж мэднэ. Аюулгүй байдлыг эрэлхийлж байгаа Украины хөршүүдийн энэрэнгүй сэтгэл, өгөөмөр зан, эв нэгдэлд би талархаж байна. Энэхүү эв нэгдлийг арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлахгүйгээр өргөжүүлэх нь чухал юм. Ирэх өдрүүдэд Украины хөрш орнуудад бидний дэмжлэг хэрэгтэй болно. НҮБ хүмүүнлэгийн үйлсэд үргэлжлүүлэн туслах болно" гэжээ.
Ерөнхий ассамблейн тусгай чуулганд НҮБ-ын гишүүн орнууд санал бодлоо солилцсон юм. Энэ долоо хоногийн сүүлчээр НҮБ-ын гишүүн орнууд ОХУ-д хариуцлага тооцох тогтоолын талаар санал хураана.
| Ерөнхий ассемблейн тусгай чуулган хуралдлаа | ||
| Үзсэн: 1655 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.