Шууд Chart

НҮБ: Ерөнхий Ассамблейн тусгай чуулган болно

2022-02-28 15:57:46

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагааг хэлэлцэхээр  Ерөнхий ассамблейн ээлжит бус тусгай чуулган хуралдуулах талаар ням гарагт санал хураасан. Санал хураалтын үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 11 гишүүн орон зөвшөөрснөөр Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган өнөөдөр хуралдана.

Улаанбаатарын цагаар оройны 22:00 цагт эхлэх тус чуулганы үеэр НҮБ-ын 193 гишүүн оронд санал бодлоо илэрхийлэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

НҮБ-ын цахим хуудсанд мэдээлснээр, 1950 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий ассамблейгаас баталсан "Энх тайвны төлөө нэгдэх нь" 377А(V) тогтоолын дагуу 24 цагийн дотор "тусгай чуулган" зарлан хуралдуулж болно.

НҮБ-ын түүхэндээ ердөө 10 удаа тусгай чуулган зохион байгуулсан байдаг. Хамгийн сүүлийн тусгай чуулган нь 1997 онд Израиль-Палестины асуудлаар болж байсан юм.

Өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд Орос улс эсрэг санал өгсөн. Гэвч НҮБ-ын журмын дагуу хэлэлцэх асуудлыг Ерөнхий Ассамблейд шилжүүлэхэд ОХУ хориг тавих эрхгүй. Яг энэ процедурыг мөн л 1950 оны "Энх тайвны төлөө нэгдэх" тогтоолоор зөвшөөрсөн байдаг.

Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад гэсэн байнгын таван гишүүн энх тайвныг сахин хамгаалахын тулд хамтран ажиллах талаар тохиролцож чадахгүй бол Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд Ерөнхий Ассамблейн ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломжийг олгодог.

Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулахын тулд зөвлөлийн 15 гишүүний есийнх нь дэмжлэг л шаардлагатай.

Энэ саналыг ОХУ эсэргүүцсэн бол, Арабын Нэгдсэн Эмирт, Хятад, Энэтхэг улсууд түдгэлзсэн байна.  Харин АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Линда Томас-Гринфилд "Тус тогтоолыг дэмжсэн зөвлөлийн гишүүд энэ бол энгийн цаг үе биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж мэдэгджээ.

Болж байгаа асуудал нь НҮБ-ын бүх гишүүн орнуудад хамаатай. Тиймээс гишүүн орнууд Ерөнхий Ассамблейд тэд бүгд Оросын сонгосон дайны талаар дуу хоолойгоо хүргэж чадна" гэж тэрбээр нэмж онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Ерөнхий Ассамблейн тусгай чуулган болно  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй