Шууд Chart

Европын Холбоо ОХУ-д 2014 оноос хойших хамгийн хатуу хоригийг тавилаа

2022-02-27 12:54:36

Энэ сарын 25-ны орой Европын холбоо ОХУ-ын эдийн засгийн салбарт хатуу хориг тавьлаа. Энэ хориг нь "Европын холбоо 2014 оноос хойш ОХУ-д тавьсан хамгийн хатуу хориг болсон тухай" Тасс агентлаг онцолж байна.

Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны үр дүнд ОХУ нь АНУ болон Европын бусад орнуудын хориг арга хэмжээнд орсоор байна.

Одоогоор ОХУ-ын эсрэг тавьсан Европын холбооны хоригт хамрагдсан ОХУ-ын  нийт иргэдийн тоо 670-д хүрсэн бол  хуулийн этгээд 113 болжээ.

Энэ талаар ТАСС агентлаг Европын холбооны шинэ хориг арга хэмжээний жагсаалтын гол заалтуудыг цуглуулж гаргасан байна.

Үүнд:

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй 98 албан европын холбооны хоригт багтсан. Энэ нь түүхэндээ анх удаа Оросын аюулгүй байдлын албаны хүмүүс тэргүүтэй хамгийн олон хүнийг багтаасан хориг болж байна. Тэднийг Европын холбоонд нэвтрэхийг хориглоогүй ч Европын холбооны аль нэг банкнаас тэдний хөрөнгө илэрсэн тохиолдолд эдгээр хөрөнгийг битүүмжлэх болно. Европын холбоо яриа хэлэлцээ хийх нөхцөлийг хадгалахын тулд гадаадын ерөнхийлөгчид хориг арга хэмжээ авахаас уг нь ихэвчлэн зайлсхийдэг.

Түүнчлэн ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев, дотоод хэргийн сайд Владимир Колокольцев нарыг хар жагсаалтад оруулсан байна. Тэднийг БНДАУ, БНЛАУ-ын тусгаар тогтнолын төлөө санал өгсөн гэж буруутгаж байна.

Харин төрийн Думын зарим гишүүд, ОХУ болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсуудын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээний тухай Засгийн газрын шийдвэрийг соёрхон баталсны төлөө энэ жагсаалтад орсон байна.

Бас Беларусийн цэргийнхэн Украин дахь Оросын ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсний төлөө хориг арга хэмжээнд оржээ. 

Европын холбоо, ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа, батлан хамгаалах яам, гадаад тагнуулын алба болон бусад төрийн байгууллагууд, түүнчлэн цэрэг-аж үйлдвэр, эрчим хүч, нисэх онгоц үйлдвэрлэлийн компаниуд зэрэг тус улсын 64 гол бүтэц, зохион байгуулалтад санхүүгийн болон технологийн салбарын хатуу хязгаарлалт тавьжээ.

Тухайлбал, Сухой, Туполев, Прогресс пуужин-сансрын төв, Калашников, Ростек, Алмаз-Антей, Уралвагонзавод, Оборонпром, Рособоронэкспорт, Оросын төмөр зам, Камаз, Совкомфлот, Севмаш, Ростек-Азимут, зэрэг ОХУ-ын тэргүүлэгч аж үйлдвэрүүд оржээ.

Европын холбоо эдгээр компаниудыг Европын хөрөнгийн зах зээл болон аливаа төрлийн санхүүгийн үйлчилгээнд нэвтрэхийг хатуу хязгаарлаж, тэдэнд техникийн туслалцаа үзүүлэх, тэдэнтэй цэргийн болон давхар хэрэглээний бүтээгдэхүүн, технологи, түүнчлэн газрын тосны технологи, тоног төхөөрөмжийн худалдаа хийхийг хориглосон байна.

Нэмж дурдахад,  Европын холбоо нь өндөр технологийн бүтээгдэхүүн, тэр дундаа харилцаа холбооны систем, электроник, хагас дамжуулагч, нисэх онгоц, сансрын эд ангиудыг ОХУ-д нийлүүлэхийг хориглосон өргөн хүрээний жагсаалтыг баталжээ.

Харин Европын холбооны зөвлөл нь 4 дүгээр сарын 12-ноос эхлэн ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Төв банк, Альфа-Банк, Откритие, Банк Россия, Промсвязьбанкны Европын хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргажээ. Ингэснээр эдгээр компаниуд 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос хойш Европын зах зээлд үнэт цаас болон бусад зээлийн хэрэгслийг байршуулах, худалдах, худалдан авах, бусад хэлбэрээр ашиглахыг хориглосон байна.

Үүнтэй төстэй хязгаарлалтыг ОХУ-ын 50-иас дээш хувийн оролцоотой эсвэл Оросын  засгийн газар эсвэл төв банкийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг аливаа томоохон санхүүгийн байгууллагуудад ногдуулах аж.

Мөн Европын холбоо ОХУ-тай худалдаа хийх, ОХУ-д хөрөнгө оруулалт хийхийг хориглосон. Мөн Европын холбооны зөвлөл нь хамтын нийгэмлэгийн банкнуудад Оросын хувь хүн, хуулийн этгээдийн 100 мянган еврогоос дээш хэмжээтэй хадгаламжийн жагсаалтыг жил бүр гишүүн орнуудын үндэсний эрх бүхий байгууллагууд эсвэл Европын комиссод гаргаж өгөхийг үүрэг болголоо.

Үүнээс гадна Европын орнуудын иргэншил авсан эсвэл тусгай хөтөлбөрийн дагуу оршин суух зөвшөөрөл авсан ОХУ-ын иргэн болон ОХУ-даа оршин суудаг иргэдийн 100 мянган еврогоос дээш хэмжээний хадгаламжийг мөн адил хянах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо ОХУ-д 2014 оноос хойших хамгийн хатуу хоригийг тавилаа  
Үзсэн: 3516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй