Энэ үйл явдлаас хэдэн цагийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрөхийг уриалсан юм. Зеленский баасан гарагт хийсэн видео мессежэндээ хүмүүсийн амь нас хохирохоос сэргийлэхийн тулд Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн өдөр Москвад сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Украины зэвсэгт хүчин эсэргүүцлээ зогсоож, зэвсгээ хураавал Москва хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.
Владимир Зеленский фэйсбүүк хуудсандаа "Бид яриа хэлэлцээ хийхээс татгалзсан гэх мэдэгдлийг няцаах ёстой. Украин улс энх тайвны, гал зогсоох хэлэлцээр хийхэд үргэлж бэлэн байсаар ирсэн. Энэ бол бидний байнгын байр суурь. Бид Оросын Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан" гэж бичжээ. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров “Хэлэлцээр хийх газар, цаг хугацааны талаар зөвлөлдөж байна. Хэлэлцээ хэдий чинээ хурдан эхэлнэ, тэр цагаас хэвийн амьдралыг сэргээх боломж нэмэгдэнэ” гэжээ.
Харин үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Путин Украинтай хэлэлцээ хийхээр Минск руу төлөөлөгчдөө илгээхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Дараа нь тэрбээр дахин хэлэхдээ “Беларусийн нийслэлд хэлэлцээ хийх санаачилгын хариуд Украины тал Варшавыг боломжит газар гэж санал болгосон” гэж мэдэгдсэн байна.
| Украин: Энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байна | ||
| Үзсэн: 6082 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.