Вашингтон, Парис, Берлин, Москва болон бусад томоохон хотуудад Украин руу довтолсон ОХУ-ын тусгай цэргийн үйл ажиллагааг эсэргүүцэгсдийн жагсаал өрнөж байна.
Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргийн тусгай үйл ажиллагаа явуулсны дараа Оросын томоохон хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар 1400 гаруй хүнийг баривчилжээ. Сөрөг хүчний жагсаалын үеэр Оросын хүний эрхийн бие даасан хэвлэл мэдээллийн төсөл болох "OVD-Info" пүрэв гарагт 51 хотод 1391 гаруй хүн баривчлагдсан гэж мэдэгджээ.
Москвад 700 гаруй хүн, Санкт-Петербург хотод 340 гаруй хүн баривчлагдсан байна. Пүрэв гарагийн үүрээр Владимир Путин Украин руу дайралт эхлүүлсний дараа Оросын хэд хэдэн идэвхтэн олон нийтийн сүлжээгээр хүмүүсийг гудамжинд гарч жагсаалд нэгдэхийг уриалсан байна.

Энэ үйл явдалтай зэрэгцэн дэлхийн бусад улс орнуудад Ерөнхийлөгч Владимир Путины үйлдлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна. АНУ-ын хэд хэдэн томоохон хотод жагсагчид Ерөнхийлөгч Жо Байден Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг пуужин болон цэргийн довтолгоог зогсоохыг уриалжээ.
Манхэттен дүүрэгт жагсагчид НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газар руу жагсч, зарим нь Украины далбааг нөмрөн, "Дайныг зогсоо", "Оросыг одоо зогсоо" гэж хашгирсан эсэргүүцэгчид дүүрэн байна.
Мөн Болгар улсын нийслэл Софи хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа цугларсан жагсагчид Оросыг мөргөлдөөнийг зогсоож, бусад улс орнуудыг Украинд туслахыг уриалсан уриа, лоозон барьжээ. Болгарын эрх баригчдын мэдээлснээр одоогийн байдлаар Украинд байгаа 4000 орчим Болгар иргэн нүүлгэн шилжүүлэх тусламж хүссэн байна.
Мөн Аргентиний нийслэл Буэнос-Айрес, Чилийн нийслэл Сантьяго болон Мексик хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө Украины иргэд жагсаал хийсэн байна. Хүмүүс тусгаар тогтносон Украины төлөө уриа, лоозон барьжээ. Мексикт 10 жил амьдарсан Украины иргэн Анна Шпака "Бид энд энх тайвныг тогтоож, Путины эсрэг хориг арга хэмжээ авахыг гуйхаар ирж байна" гэж мэдэгджээ.

"Орос, Украин, бүх улс орнууд энх тайвныг хүсч байна. Бид энх тайван амьдрахыг хүсч байна. Гэмгүй хүмүүс үхэхийг хармаагүй байна" гэж жагсагчид ярьсныг "Ассошиэйтэд Пресс" агентлаг уламжилж байна.
Парис хотод мөн мянга орчим жагсагч цугларч, Оросууд Украин руу түрэмгийлсэн довтолгооныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Хэд хэдэн улс төрийн намууд болон төрийн бус байгууллагуудын жагсагчид Украин, Гүрж, Европын холбооны тугийг барин гал зогсоохыг шаарджээ.
Жагсагчдын нэг, Парист амьдардаг Украины Одессаас ирсэн нэгэн иргэн Оросуудын довтолгоо нь зөвхөн орос хэлээр ярьдаг нутаг дэвсгэрийн тухай биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц болон түүний Европын холбоотнууд Украинд хийсэн халдлагыг зогсоохын тулд бид өмнө нь бүх зүйлийг хийсэн гэж мэдэгдээд байгаа юм.
Пүрэв гарагт Гүржийн нийслэл Тбилисд олон мянган хүн цугларч, Украиныг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Владимир Путины үйлдлийг буруушааж, Украины сүлд дууг эгшиглүүлэн, лоозон барьсан жагсагчдын цуваа Тбилисийн төв гудамжаар алхжээ.

"ОХУ Украины үндэстнийг онилж байгаа ч ерөнхийдөө дэлхийн бүх хүн амын эрх чөлөөг хамруулж байгаа энэ үед дуу хоолойгоо өргөх нь бидний ёс суртахууны үүрэг. Гүржийн оршин тогтнох нь үүний нэг хэсэг юм" гэж Европын Гүрж намын дарга Гига Бокериа мэдэгджээ.
ОХУ-ын одоогийн Украинд хийж буй довтолгоо нь 2008 онд ОХУ Гүрж рүү довтолсонтой төстэй зураглал ажиглагдаж байгаа юм. "Ижил түрэмгийлэлд өртсөн Гүрж улсын Ерөнхийлөгчийн хувьд би Украины Ерөнхийлөгч, Засгийн газар, ард түмэнтэй бүрэн эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийг хүсч байна" гэж Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабичвили мэдэгдсэн байна.
Германд мөн Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөлөө. Оросын энэ үйлдлийн хариуд Берлиний Бранденбургийн хаалганы өмнө цугларсан жагсагчид Украины туг далбаа барин ард түмнээ "Украинтай хамт байхыг" уриалжээ.

Хамгийн сүүлд авсан мэдээгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгаж, Украиныг дэмжиж байгаагаа харуулахаар Цагаан ордны ойролцоо хэдэн зуун жагсагч цугларчээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский одоогийн байдлаар 137 энгийн иргэн, цэргийн алба хаагч амь үрэгдсэн гэж мэдээллээ. “Орос хэдийгээр зөвхөн цэргийн объект руу довтолно гэж мэдэгдсэн ч ч энгийн иргэдийн объектуудад ч цохилт өгсөн” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн юм.
Владимир Зеленский Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд бүрэн хэмжээний цэрэг дайчлахыг тушааж, дайчилгаа 90 хоног үргэлжилнэ гэж мэдэгдээд байна. Тэрбээр цэргийн жанжин штабт үүрэг хүлээсэн алба хаагчид болон нөөцөд хамрагдах алба хаагчдын тоо, цэрэг татлагын дарааллыг тогтоохыг тушаажээ.
| Дэлхийн хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөж байна | ||
| Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.