Шууд Chart

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нэмэгдэж байна

2022-02-23 12:31:01

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Орос улс Украинд томоохон дайралт хийхээр бэлтгэж байгааг анхаарууллаа.

Тэрбээр мягмар гарагт Брюссельд сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн хурлын үеэр, "Орос Украинд бүрэн хэмжээний дайралт хийхээр төлөвлөсөөр байгааг бүх шинж тэмдэг харуулж байна" гэжээ.

Москва дангаараа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зүүн Украины хэсэг рүү Оросын нэмэлт цэрэг хөдөлж байна. Орос Украиныг тогтворгүй болгох гэсэн далд оролдлогоос ил тод цэргийн ажиллагаа руу шилжиж, Оросын олон анги нэгтгэлүүд байлдааны бүрэлдэхүүнд байрлаж, "цохилтод бэлэн" байна гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдсэн байна.  Украины зүүн нутаг дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг тус улсын цэргүүд олон жилийн турш хянаж, дэмжиж ирсэн юм.

Үүнтэй зэрэгцэн Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ОХУ-ын таван банк болон ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай гурван иргэнд хориг арга хэмжээ авч байгаа тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр эдгээр гурван хүний Их Британид эзэмшиж байсан бүх хөрөнгийг битүүмжилж, Их Британи руу зорчихыг хориглож, нөхцөл байдал улам хурцадвал манай улс АНУ болон Европын Холбоотой зэрэгцэн цаашид хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.

Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр бүс нутгийг тус улс дангаар нь хүлээн зөвшөөрсний дараа Европын холбоо мөн ОХУ-ын хууль тогтоогчид болон банкнуудад хориг арга хэмжээ авахаар шийджээ. Мягмар гарагт Парист европын холбооны гадаад хэргийн сайд нарын яаралтай уулзалт, хурал боллоо. Уулзалтын дараа европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеф Борреллийн хэлсэн мэдэгдэлд гишүүн орнуудын санал нэгтэй зөвшөөрсөн хориг арга хэмжээ нь ОХУ ихээхэн хохирол учруулах болно" гэжээ.

Энэхүү хориг арга хэмжээ нь Кремлийн сүүлийн алхмыг дэмжсэн санал өгсөн Оросын доод танхимын гишүүд рүү онилж байгаа юм. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн банкнуудад хориг арга хэмжээ авахаар болжээ.

"Европын холбоо мөн Оросын төр, засгийн газрын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрхийг хязгаарлаж салан тусгаарласан бүс нутгийн хоорондын эдийн засгийн гүйлгээг мөн хязгаарлах болно. Европын холбоо хориг арга хэмжээгээ илүү үр дүнтэй болгохын тулд АНУ, Их Британи болон бусад орнуудтай хамтран ажиллана.” гэж Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррелл мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө Германы канцлер Олаф Шольц “Хойд урсгал 2” хийн хоолойн үйл ажиллагааг баталгаажуулах журмыг манай улс зогсооно гэж мэдэгдсэн. АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, "Хэрэв ОХУ Украин руу довтлох юм бол уг төслийг зогсоох ёстой" гэж мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ нэмэгдэж байна   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй