Шууд Chart

АНУ шинэ хориг арга хэмжээ авлаа

2022-02-23 12:19:18

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсны дараа дэлхийн улс орнууд, тэр дундаа барууны улс орнууд тус улсад хориг арга хэмжээ авсаар байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен пүрэв гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийх байсан уулзалтаа цуцаллаа. Мөн ерөнхийлөгч Жозефзеф Байден шинэ хориг авч эхэлснийг танилцууллаа.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Вашингтонд Украины гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрбээр "Одоо бид түрэмгийлэл эхэлж байгааг харж байна, Орос улс дипломат харилцаанаас татгалзаж байгаагаа тодорхой илэрхийлсэн учраас энэ удаад төлөвлөсөн уулзалтыг үргэлжлүүлэх нь утгагүй юм” гэж мэдэгджээ.

Мөн "Орос Украин руу довтлохгүй тохиолдолд л гадаад хэргийн сайд Лавровтой уулзана" гэж хэлж байсан юм. Тэд энэ уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын товыг урьдчилан хэлэлцэх ёстой байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, "Оросууд Украины газар нутгийн томоохон хэсгийг сийлж байна" гэж зүйрлэжээ. Тэрбээр мягмар гарагт ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдээ зарлалаа. Тэрээр ерөнхийлөгч Путины үйлдлийг  түрэмгийллийн эхлэл гэж тодотгоод,  өмнө нь авсан хориг арга хэмжээгээ нэмсэн байна.

АНУ-ын албаны хүмүүс барууны санхүүгийн хоёр байгууллага болох төрийн хөгжлийн корпорац VEB болон цэргийн банк Промсвязбанкыг санхүүжүүлэхээ зогсоохоо мэдэгдлээ. Мөн Оросыг АНУ болон Европын зах зээл дээр арилжаа хийхийг хоригложээ.  Ерөнхийлөгч Байден үүнээс өмнө салан тусгаарласан бүс нутгуудтай эдийн засгийн гүйлгээ хийхийг хориглосон захирамжид гарын үсэг зураад байсан. 

Энэхүү хориг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн худалдааны худалдаанаас гадна зээл, батлан даалт зэрэг санхүүгийн гүйлгээг хориглодог байна. Жозеф Байден, "Оросууд түрэмгийллээ үргэлжлүүлбэл  тэдний төлөх дүн улам нэмэгдэх болно" гэдгийг онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ шинэ хориг арга хэмжээ авлаа   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй