Их Британичууд сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй шуурганд бэлтгэж байна. "Юнис" шуурга нь их хэмжээний хохирол дагуулж болзошгүй учраас бага, дунд сургуулиуд хаагдаж, Уэльсийн бүх галт тэрэгний хөдөлгөөн түр зогсжээ.
Хар салхины улмаас томоохон хог хаягдлууд хийсэж, хүний амь насанд аюул учруулж болзошгүй гэж цаг уурчид анхааруулсаар байна. Уг анхааруулга нь Английн баруун өмнөд хэсэг, Уэльсийн өмнөд хэсгийг хамарсан байна.
"Юнис" шуурга 90 миль/цаг хурдтай салхи шуурч, цахилгаан тасалдана гэж анхааруулж байна. Энэ нь сүүлийн гучин жилийн хамгийн хүчтэй шуурганы нэг байж магадгүй. Тиймээс иргэдийг эд зүйл "боож" баглаж, хаалга, цонхоо бэхлэх, машинуудаа боломжтой бол гаражид хийх, мод, хананаас хол байлгахыг цаг уурын байгууллага анхаарууллаа.
Мөн иргэдийг аялалд гарахаас зайлсхийж, гэртээ байхыг уриалж байна. Энэ долоо хоногт Шотланд, Английн хойд хэсэг, Умард Ирландын зарим хэсгийг "Дадли" хар салхи дайран өнгөрч, олон мянган айлыг тог цахилгаангүй болгосон.
Харин энэхүү "Юнис" шуурга нь энэ долоо хоногт тохиох хоёр дахь удаагийн шуурга болох юм. Цаг уурын алба Их Британи даяар хэд хэдэн цаг агаарын сэрэмжлүүлгийг гаргажээ.
"BBC"-гийн цаг уурч Бен Рич "Юнис" хар салхийг асар их хохирол, эвдрэл дагуулж, эрэг орчмыг үерт автуулна гэж сэрэмжлүүлжээ. Корнуолл, Девон, Сомерсет, Бристол зэрэг хотуудад хүчтэй хар салхи дайрах учраас сургуулиуд хаагдсан байна. Мөн Уэльсийн зарим их сургуулийн кампусууд хаагдах төлөвтэй байна.
| Их Британийг “Юнис” хар салхи дайрна | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.