Австралийн нүүрсээр ажилладаг хамгийн том цахилгаан станц "Эраринг" 2025 оноос эхлэн хаалгаа барих тухай мэдэгдлээ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчинд шилжиж, цахилгааны үнийг хэлбэлзүүлж байгаа эрх баригчдын шийдвэртэй холбоотой гэж тус станцын удирдлагууд мэдэгджээ.
Австралийн эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, эрчим хүчний салбарын өөрчлөлтийг үргэлжлүүлж байна. Үүний улмаас "Эраринг" станц хугацаанаасаа 7 жилийн өмнө хаалгаа барих гэж байна. Уг нь тус станцын ашиглалтын хугацаа 2032 онд дуусна.
Гэвч станцын удирдлагууд 2025 он гэхэд Шинэ Өмнөд Уэльс дэх цахилгаан станцаа хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь нь нүүрсний салбарын тогтворгүй бодлогоос хамааралтайг онцолжээ.
"Oрижин энержи" компанийн гүйцэтгэх захирал Фрэнк Калабриа "Үндэсний цахилгаан эрчим хүчний зах зээл тасралтгүй, хурдацтай шилжилт хийж байна. Өнөөгийн Австралийн эрчим хүчний зах зээл нь 1980-аад оны эхээр "Эраринг"-ийг ашиглалтад оруулж байснаас тэс өөр болсон. Бодит байдал дээр Австралийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, цэвэр, хямд өртөгтэй эрчим хүч гарган авна гэж байгаа нь нүүрсээр ажилладаг станцуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, дарамтад орж байна" гэж мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчний салбар эрчимжиж, цахилгааны үнэ хэлбэлзэлтэй байна. Тэгвэл Австралийн хамгийн том нүүрсний цахилгаан станц хугацаанаас өмнө хаагдах болсон мэдээг олон улсын Байгаль хамгаалах холбооноос сайшааж, дэлхийн хүлэмжийн хийн ялгарал жилд 87 сая тонноор багасна гэж мэдэгджээ.
Энэ нь Австри, Шинэ Зеланд, Грек зэрэг дэлхийн 167 орны жилийн ялгаруулалтаас ч их тоо гэж тус байгууллага мэдэгдсэн юм.
Харин Шинэ Өмнөд Уэльсийн эдийн засагч Мэтт Киан цахилгаан станц хаагдах шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ. Тэрбээр "Цахилгаан станцыг ашиглалтын хугацаа дуустал үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй. Учир нь сэргээгдэх эрчим хүч, нүүрсийг орлох хэмжээнд хөгжөөгүй. Үүнээс гадна тус станцид ажилладаг 1000 орчим ажилтан, мөн нүүрс олборлогч компаниудад энэ шийдвэр хүнд тусах болно" гэдгийг онцолжээ.
| Австралийн “ERARING” цахилгаан станц хаалгаа барина | ||
| Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.