Шууд Chart

Британи хөрөнгө оруулагчдад зориулсан визийн хөтөлбөрөө зогсооно

2022-02-18 12:23:32

Британийн Засгийн газар гадны чинээлэг иргэд, хөрөнгө оруулагчдад зориулсан “алтан виз” нэртэй хөтөлбөрөө ойрын хугацаанд зогсоохоор төлөвлөж байна. Энэ нь хамгийн багадаа 2 сая фунт буюу 2.7 сая америк долларын хөрөнгийг Британийн зах зээлд оруулсан хүнд байнга оршин суух эрх олгодог ангиллын виз юм байна.

Гадны иргэд хөрөнгө оруулсан даруйдаа Британид гурван жил дөрвөн сарын хугацаанд оршин суух эрхтэй бөгөөд таван жилийн дараа байнга оршин суух эрх авах боломжтой болдог юм байна.

Хэрвээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 сая фунт стерлинг давбал дээрх хугацаа хоёр жил болж наашилдаг аж. Британид Европын холбооноос бусад орнуудаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү визийн хөтөлбөрийг 2008 оноос эхэлжээ.

2018 онд Британид Оросын тагнуулч асан Скрипалыг охиных нь хамт хордуулсан хэргээс хойш Британийн Засгийн газар энэхүү хөтөлбөрөө эргэн харж, гаднаас орж байгаа мөнгөний эх үүсвэрийг нягтлах, ил тод байдалд нь хяналт тавьдаг болжээ.

Энэ хэргээс үүдэж Британийн иргэд тус ангиллын виз олголтыг зогсоохыг эрх баригчдаасаа шаардах болсон юм байна. Учир нь 2008 онд энэ хөтөлбөр эхэлснээс хойш Британи Оросын 14 мянга гаруй хөрөнгө оруулагчдад энэ төрлийн виз олгожээ.

Британийн иргэд Орос болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын эрх баригчид, олигархууд энэ визийг ашиглаж мөнгө угаадаг гэж шүүмжилж иржээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британи хөрөнгө оруулагчдад зориулсан визийн хөтөлбөрөө зогсооно   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй