ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Сири дэх агаарын цэргийн баазын үйл ажиллагааг шалгах, Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадтай хэлэлцээ хийхээр Дамаск хотноо ажлын айлчлал хийлээ. Украины асуудлаар Орос, өрнөдийнхний хооронд хурцадмал байдал үүссэн үед Оросын Батлан хамгаалахын сайд Сирид айлчилсан нь өрнөдийнхөнд өгч байгаа Оросын анхааруулга гэж шинжээчид үзэж байна.
Сергей Шойгу Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадтай уулзахдаа Газар дундын тэнгист хийж байгаа Оросын агаарын цэргийн сургуулилалтын талаар ярилцаж, Олон улсын терроризмын эсрэг хамтын ажиллагааныхаа хүрээнд цэрэг техникийн хамтын ажиллагааг хэлэлцжээ.
"Хмеймим" агаарын цэргийн бааз нь Оросын Ойрх Дорнод дахь цэргийн гол байгууламж. Мөн Москва хуучин Зөвлөлтийн нутаг дэвсгэрээс гадуур байгаа Оросын цорын ганц цэргийн байгууламж байсан Сирийн "Тартус" боомт дахь цэргийн баазаа өргөтгөж, шинэчилсэн.
Сергей Шойгу Украины хямрал даамжирсан үед Ойрх Дорнод дахь цэргийн сургуулилалтын явцтай танилцах гэж гэнэт айлчилсан нь гиперсоник пуужин туршихтай холбоотой гэж "Аль Жазира" мэдээлсэн байна.
Оросын арми Ойрх Дорнодын бүс нутагт хийж байгаа тэнгисийн цэргийн сургуулилалтын хүрээнд Сири дэх агаарын цэргийн баазууддаа алсын тусгалын цөмийн бөмбөгдөгч онгоц, хамгийн сүүлийн үеийн гиперсоник пуужин тээгч сөнөөгч онгоцуудаа байрлуулаад байгаа юм.
Сергей Шойгу энэхүү цэргийн сургуулилалт нь үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, ОХУ-ын эсрэг цэргийн аливаа заналхийллийг таслан зогсооход чиглэсэн гэж айлчлалынхаа үеэр мэдэгджээ.
Энэ айлчлалыг Леваны цэргийн шинжээч "АНУ болон НАТО-гийн хувьд гэнэтийн зүйл боллоо. АНУ болон өрнөдийн орнууд Украины байдлыг зориудаар хурцатгаж байгаа ийм нөхцөлд Оросын Батлан хамгаалахын сайд стратегийн чухал байршил Сирид гэнэтийн айлчлал хийдэг нь НАТО-той цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд Орос улс Сири дэх стратегийн байгууламжуудаа ашиглана гэдгээ илтгэж байгаа улс төрийн алхам" гэж дүгнэсэн байна.
| ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сирид айлчлав | ||
| Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.