Израилийн Эрүүл мэндийн яам, Астразенека компанийн коронавирусний эсрэг “Эвашелд” эмд зөвшөөрөл олголоо. Уг эмийг дархлаа султай хүмүүст хэрэглэхийг зөвлөж байгаа аж.
Тодруулбал, Израилийн Эрүүл мэндийн яамнаас Их британи Шведийн хамтарсан Астазенека компанийн эсрэг биетийг эмчилгээг дархлаа султай, өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Хоёр төрлийн урт хугацааны эсрэг биеийн хоёр тарилгыг нэгэн зэрэг агуулсан энэхүү эмийг зөвхөн одоогоор халдвар аваагүй эсвэл коронавирусээр халдварласан хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүст хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
Уг эмийн эсрэг биетүүд нь вирусний уурагтай холбогдож, хүний эд эсэд вирус нэвтрэхийг саармагжуулж, улмаар коронавирусний халдвар авах эрсдэлийг бууруулдаг гэж Израилийн эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Мөн Эвашелд эм нь коронавирусний хүнд хэлбэрийн өвчлөл, нас баралтыг 83 хувиар бууруулж байгааг нотолсон байна. Харин уг эмийг хэрэглэх заалт нь 12 ба түүнээс дээш насны, 40 кг-аас доошгүй жинтэй, дунд болон хүнд хэлбэрийн дархлаа сул хүмүүст зориулжээ. Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сарын эхээр уг эмийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас дархлаа султай, вакцины сөрөг заалттай иргэдэд хэрэглэхийг зөвшөөрөөд байна.
Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, омикроны хувилбарын давлагаа буурч байна. Энэ долоо хоногт коронавирусний Омикрон хувилбарын халдварын тархалт 24 хувиар буурсан гэж мэдэгдлээ. Тус улсад энэ сарын эхээр өдөрт 1200 орчим тохиолдол бүртгэгдэж оргил үедээ хүрсэн бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн аажмаар буурч байгаа үзүүлэлт ажиглагджээ.
Израилийн эрүүл мэндийн яамны судалгаагаар коронавирусний эсрэг вакцин болон эм нь жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд ямар ч хор хөнөөлгүйг батлаад байгаа юм.
Ташрамд дурдахад тус улс коронавирусний эсрэг вакцины 3 болон 4 дүгээр тунг анх нэвтрүүлсэн. Израилийн Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт вакцины дөрөв дэх тунгаас татгалзсан болон эмийн эмчилгээнээс зайлсхийж байгаа иргэдээ коронавирусний давлагааг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж шүүмжилжээ.
| Израиль Астразенека эмд зөвшөөрөл олголоо | ||
| Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.