Германы канцлер Олаф Шольц Украины хямралыг намжаахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Тэд мягмар гарагт Москвад уулзсан.
Хэлэлцээний дараа асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь амин чухал бөгөөд дайнаас зайлсхийх дипломат сонголтууд дуусаагүй байна гэж канцлер Олаф Шольц хэлсэн байна. ОХУ-ын зарим цэргийг хилийн бүс нутгаас гаргаж байна гэсэн мэдээ нь сайны дохио гэж тэрбээр ярьжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-г өргөжүүлэх нь Оросын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэж мэдэгдлээ. Түүний Засгийн газар өмнө нь санал болгосон аюулгүй байдлын арга хэмжээний талаар АНУ, НАТО-той хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм.
Украины хилийн орчимд Оросын 100 мянга гаруй цэрэг байрлаж байгаа ч сургуулилалт дууссаны дараа зарим анги нэгтгэлүүдээ эргүүлэн татаж эхэлсэн тухай бид өчигдөр "Цагийн хүрд" хөтөлбөрөөрөө та бүхэнд хүргэсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа “Манай улс дайныг хүсэхгүй байна. Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд хэлэлцээр хийхийг эрмэлзэж байгаа” гэж мэдэгдлээ.
Владимир Путин хэлэлцээрийн үйл явцыг эхлүүлэх саналуудыг санал болгосноо дурдаад “Яриа хэлэлцээгээр хүн бүрийн тэгш, аюулгүй байдлыг хангах гэрээ байгуулах ёстой. Бид яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн төлөө байр суурьтай байгаа" гэдгээ илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр НАТО Украиныг хэзээ ч гишүүнээр элсүүлэх ёсгүй гэсэн шаардлагаа давтан хэлсэн байна. Түүнчлэн АНУ болон НАТО-гийн удирдагчид ОХУ-ын аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд хангалттай зүйл хийгээгүйг онцолжээ.
Гэсэн хэдий ч тэрбээр бямба гарагт шууд галын сургуулилалт хийх бөгөөд тэнгисийн цэргийн сургуулилалт Оросын нутаг дэвсгэртэй зэргэлдээх чухал усан бүсэд явагдаж байна гэж нэмж хэллээ.
| ОХУ, ХБНГУ-ын тэргүүн нарын уулзалт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.