Орос, Украины хооронд үүссэн энэ хямралыг намжаах дипломат ажиллагаа олон улсын хүрээнд ид өрнөж байна. Өрнөдийн улс орнуудын эрх баригчид Москва, Киевийг зорьсоор байна.
Тухайлбал, Германы канцлер Олаф Шольц, Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаар Киевт айлчилж байна. Тэрбээр мөн Москвад Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Олон улс Москвад түүний Путинтэй хийх уулзалтад голлон анхаарч байна. Германы хувьд Оростой байгалийн хийн хоолойн Хойд Урсгал-2 төсөлд хамтран ажиллаж, хоолойг нээх эсэх нь холбоотнуудтайгаа зөрчилдөх улс төрийн маргаан болсон. Германы хувьд Украины хилд үүссэн нөхцөл байдлын талаар саяхныг хүртэл чимээгүй байсан ч өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Америктай адил байр суурь илэрхийлэх болсон юм.
Германы канцлераас өмнө Франц, Британийн эрх баригчид Москвад айлчилж, Оросын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн ч талуудын байр суурь өөрчлөгдөөгүй байгаа. Үүнээс гадна ням гарагт Украины ерөнхийлөгч Зеленский АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа. Энэ үеэр Украины ерөнхийлөгч Цагаан Ордны тэргүүнийг Киевт айлчлахыг урьжээ. Тэрбээр ойрын үед Украинд айлчлан ирвэл нөхцөл байдлыг тогтворжуулж, хурцадмал байдлыг намжаахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Байденд илэрхийлснийг Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Харин Байден түүнд тодорхой хариу өгөөгүй юм байна. Өнгөрсөн бямба гарагт Украины ерөнхийлөгч “ямар үндэслэлээр Оросын зүгээс Украинд халдах хугацаа ойртсон гэж үзэж байгаагаа тайлбарлах, энэ талаарх тагнуулын мэдээллээ хуваалцахыг АНУ-аас хүсэж байсан. Харин ням гарагт утсаар ярихдаа “Оросын цэрэг Украинд халдвал холбоотон орнуудынхаа хамт эрс шийдэмгий хариу өгнө гэдгээ Байден Зеленскийд амласан тухай” Украины хэвлэлд мэдээлжээ.
Байден Путин нар өнгөрсөн бямба гарагт Украины асуудлаар утсаар ярьсан боловч хоёр тал байр сууриа хамгаалсаар үр дүнд хүрээгүй өндөрлөсөн юм.
| Украин, Оросын хямралыг намжаах олон улсын дипломат ажиллагаа өрнөж байна | ||
| Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.