Шууд Chart

Украин 48 цагийн дотор ОХУ-тай уулзалт хийх санал гаргалаа

2022-02-15 10:50:04

Украины засгийн газар хилд үүссэн нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор уулзаж, хэлэлцэх саналыг ОХУ-д гаргалаа.

Украин Орос яагаад хоёр орны хилд цэрэг, зэвсэг төвлөрүүлж байгаагаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гэрээний хүрээнд тайлбарлах хүсэлтийг Москвад тавьсан ч Орос хариу өгөөгүй. Иймээс уулзалт хийх санал гаргаж байгаагаа Украины гадаад харилцааны сайд мэдэгджээ. Өөрөөр хэлбэл энэ уулзалт Оросын байр суурийг илүү тодруулах зорилготой гэж Украины тал тайлбарлалаа.

Харин Оросын талаас уулзалт хийх Украины саналд хариу одоогоор өгөөгүй байна. ОХУ нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Венийн гэрээний дагуу хилд төвлөрүүлсэн цэргийнхээ талаар бодит мэдээлэл өгч, тайлбарлах үүрэгтэй гэж Украин үзэж байна. Орос тус гэрээний нэг тал юм. Оросын эрх баригчид Украин руу халдах ямар ч төлөвлөгөө байхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн ч Украины хилийн дагуу Орос 100 гаруй мянган цэргээ байрлуулж, хүнд зэр зэвсэг татан төвлөрүүлсэн байна гэж Украин, Америк, Өрнөдийн орнууд болгоомжилж байгаа юм.

Одоогоор Америк, Израиль, Британи, Австрали зэрэг 10 гаруй улс Украин дахь иргэдээ тус улсаас гарахыг, зарим нь тус улс руу иргэдээ зорчихгүй байхыг зөвлөж, Киевээс дипломатуудаа нүүлгэн шилжүүлээд байна.

Мөн Австрали зэрэг улсууд дипломатуудаа Украины бусад хотуудад түр нүүлгэн шилжүүлжээ. Харин Украины ерөнхийлөгч Киев болон бусад хотуудад амьдрал хэвийн үргэлжилж, дайны аюул хол байгааг мэдэгдсэн. Гэвч CBS News АНУ 48 цагийн дотор Киевээс бүх иргэдээ гаргахаар бэлтгэж байгаа тухай мэдээлснийг бусад хэвлэлүүд иш татсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин 48 цагийн дотор ОХУ-тай уулзалт хийх санал гаргалаа  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй