АНУ-ын инфляц сүүлийн 40 жилд байгаагүйгээр өслөө. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хяналтан дор инфляц өссөөр байгааг эдийн засагчид шүүмжилсээр байна. Харин
Жо Байден инфляц өндөр байгаатай холбогдуулан мэдэгдэл хийх үеэрээ энэ жил нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол арилах тусам үнэ буурч нөхцөл байдал тогтворжино гэжээ. Мөн АНУ-ын гэр бүлүүдэд тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдлээ. Жо Байдены нийгмийн зардал, уур амьсгалын өөрчлөлтийн заалтуудыг багтаасан ойролцоогоор 1.7 их наяд долларын хуулийн төсөл зогсонги байдалд орсон. Мөн түүний "Бүтээн байгуулалтыг сайжруулах" төлөвлөгөөний нэг хэсэг нь Холбооны Засгийн газрын ахмад настнуудад зориулсан “Medicare” хөтөлбөрт анх удаа эмийн үнийг тохиролцох эрхийг өгөхөөр болжээ. Энэ нь дундаж гэр бүлүүдийн зардлыг хэмнэнэ гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “Би шатахууны үнийг бууруулахын тулд чадах бүхнээ хийж ажиллах болно. Мөн эрчим хүч бусад бүтээгдэхүүний үнийг хэвэнд нь оруулахын төлөө ажиллана. Үүнээс гадна нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг үргэлжлүүлэн шийдвэрлэнэ. Жорын дагуу олгодог эмийн үнийг бууруулж байгаа. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг ерөнхийд нь бууруулах, жирийн айл өрхийн санхүүг дэмжих том өөрчлөлт юм” хэмээв.
Манхэттэнийн оршин суугч Опал Ратан: “Инфляц миний өдөр бүр авдаг сүү, өндөг гэх мэт бүтээгдэхүүний үнэнд үнэхээр их нөлөөлж байна. Шатахуун нэг галлон нь дөрөв, таван доллар болж байна. Өмнө нь 3 доллар байсан шүү дээ.
Бүгд найрамдахчууд Засгийн газарт эмийн жороор олгох зардлын талаар тохиролцохыг зөвшөөрөхийг эсэргүүцсээр байна. Үргэлжилж байгаа цар тахлын улмаас инфляц өндөр байгаа нь америкчуудын дунд Жо Байдены нэр хүнд унах бас нэг шалтгаан болж байна гэж судлаачид үзэж байна. Мөн 11 дүгээр сард болох завсрын сонгуулиар Ардчилсан намынхан Конгрессын хоёр танхимд хяналтаа алдах эрсдэлтэй болж байна” гэв.
| АНУ-ын инфляц сүүлийн 40 жилд байгаагүй өслөө | ||
| Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.