Шууд Chart

Касым Жомарт Токаев Москвад айлчиллаа

2022-02-12 11:38:47

Өнгөрсөн сард Казахстан улсад олон хүний аминд хүрсэн томоохон эсэргүүцлийн жагсаал гарсан билээ. Харин Казахстаны Төрийн тэргүүн уг үймээн самууны хойш анхны гадаад айлчлалаа хийсэн юм. Касым Жомарт Токаев “терроризм” гэж нэрлэсэн уг жагсаалыг дарахын тулд ОХУ тэргүүтэй Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудаас тусламж хүссэн. Хүсэлтийн дагуу тус холбооноос цэрэг илгээснээ зөв үйлдэл байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын үеэр онцоллоо. Хэтрүүлэггүйгээр хэлэхэд Казахстан улс нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашигласан олон улсын зарим бүлэглэлийн золиос болсон гэж тэрбээр мэдэгджээ. 

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “энхийг сахиулах цэргийн хүч” илгээсэнд талархал илэрхийлжээ. Хэлэлцээний дараа Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд цэргийн сургалт, эрчим хүч болон бусад салбарт бүх талын дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ нь цаашид Казахстаны Ерөнхийлөгчийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийнэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Үүнээс гадна уулзалтын үеэр бас нэг анхаарал татсан асуудал нь Минскийн хэлэлцээрт дургүйцлээ илэрхийлсэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн мэдэгдэлд Владимир Путины хийсэн хариу мэдэгдэл байлаа. Минскийн хэлэлцээрийн бүх зүйлд дургүйцэж байгаагаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: “Минскийн хэлэлцээр бол хэзээ ч хувийн хэмжүүр байгаагүй. Үүнийг дахин хэлье, Минскийн хэлэлцээрт ямар ч хувийн хэмжүүр байхгүй. Украин болон бусад улс орнуудын хоорондын чухал харилцааг зохицуулсан суурь гэрээ хэлэлцээрт ямар нэгэн зүйл таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна, үүнийг буруу хэлбэр гэж бодож байна гэх зэргээр өөрийгөө илэрхийлэх нь зохисгүй арга юм. Хэрэв аль нэг улс тодорхой үүрэг хүлээдэг бол хүн бүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолд тусгагдсан олон улсын эрх зүйн стандартыг дагаж мөрдөж, хэрхэн хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрэх ёстой гэж би боддог” гэв.

Минскийн хэлэлцээр бол 2015 онд Франц, Германы зуучлалаар байгуулсан Зүүн Украины энхийн хэлэлцээр юм. Орос-Украины хилийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Касым Жомарт Токаев Москвад айлчиллаа  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй