Нормандын дөрвөл буюу ОХУ, Герман, Украин, Франц улсын гадаад бодлогын зөвлөхүүдийн хэлэлцээ бүтэн 9 цагийн турш үргэлжилсэн. Берлинд болсон уг хэлэлцээ нь хүйтэн дайнаас хойших ОХУ болон Барууны орнуудын хооронд үүссэн, аюулгүй байдлын хамгийн том хямралыг шийдвэрлэх дипломат хүчин чармайлтын нэг хэсэг байсан юм. Энэ удаагийн хэлэлцээ мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар өөр өөр байр суурьтай, янз бүрийн хувилбаруудыг дэвшүүлсэн амаргүй хэлэлцээ болсон. Гэвч талууд Минскийн хэлэлцээрийг тайлбарлах талаарх санал зөрөлдөөнийг даван туулж чадсангүй.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Дмитрий Козак: “Харамсалтай нь хэлэлцээ нүдэнд харагдах ямар ч бодит үр дүнгүй дууслаа. Бид 1 дүгээр сарын 26-нд Парист болсон өмнөх уулзалтад үндэслэн хэлэлцээнийхээ эцсийн мэдэгдлийг зөвшилцөхийг хичээсэн. Нормандын формат нь Минскийн хэлэлцээрийг зохицуулах хяналтын механизм. Тиймээс ямар ч үнээр хамаагүй санал зөрөлдөөнийг даван туулах ёстой. Өнөөгийн хэлэлцээний гол асуудал бол мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн арга хэмжээ, Донбассын онцгой статустай холбоотой асуудлуудыг Украины Үндсэн хуульд тусгах ёстой байсан. Энэ хэлэлцэх асуудлыг урьдчилан тохиролцсон байсан учраас ойлголцлын зөрүү арилна гэж үзэж байлаа. Гэвч санал нэгдэж чадсангүй” хэмээв.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак: “Нормандын дөрвөл хамтарсан баримт бичиг гаргасангүй. Гэхдээ бид шийдэл олж, тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна. Бид Европын төв дэх дайны нөхцөл байдлыг зогсоохгүй бол аюулгүй байдлын талаар ямар ч зүйл яриад хэрэггүй гэж бодож байна” гэв.
Тэгвэл Минскийн хэлэлцээрийн талаар Нормандын дөрвөлийн уулзалтыг дүгнэсэн шинжээч ийм тайлбарыг хийсэн байна.
Германы Маршаллын сангийн шинжээч Бруно Лете: “Минскийн хэлэлцээр бол Украины бүрэн эрхт байдлыг Оросын зүгээс зөвшөөрч байгаа цорын ганц хууль ёсны гэрээ юм. Тиймээс энэ бол маш чухал гэрээ. Тийм ч учраас өнөөг хүртэл Герман, Франц, АНУ зэрэг улс тухайн үед тохиролцсон зүйлээ хэрэгжүүлэхийг хичээж байна. Минскийн гол зорилго бол мэдээж, юун түрүүнд цэргийн үйл ажиллагааг зогсоох явдал юм. Гол санаа нь гал зогсоох тухай гэж хэлж болно. Харамсалтай нь бидний харж байгаачлан, гал зогсоох хэлэлцээр хэзээ ч бүрэн хэрэгжиж байгаагүй. Хэрэв Донбасст санал асуулга зохион байгуулбал ОХУ-ын дэмжигч улс болох магадлал өндөр байна. Энэ нь хэдийгээр Донбасс Украинд байгаа ч Орос руу чиглэж магадгүй гэсэн үг. Энд л Орос, Украины гол санал зөрөлдөөн байна” гэлээ.
Нормандын дөрвөлийн гадаад бодлогын зөвлөхүүдийн өмнөх яриа хэлэлцээ нэгдүгээр сарын 26-нд Парист болсон. Елисейн ордонд сүүлийн нэг жил гаруй хугацаанд болсон дөрвөн улсын төлөөлөгчдийн анхны нүүр тулсан уулзалт ийнхүү үр дүнд хүрсэнгүй.
| “Нормандын дөрвөл”-ийн уулзалт үр дүрд хүрсэнгүй | ||
| Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.