Шууд Chart

Мүн Жэ Ин: Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг урьдчилсан нөхцөлгүйгээр хийх боломжтой

2022-02-11 13:44:34

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин пүрэв гарагт "Ёнхап" агентлаг болон дэлхийн бусад долоон мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг урьдчилсан нөхцөлгүйгээр зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Хэрэв бүх талууд хямралаас зайлсхийхийг хүсэж байвал яриа хэлцэл нь асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам учраас АНУ-ын Ерөнхийлөгч, Умард Солонгосын дарга нарын уулзалт эцэст нь болох төлөвтэй байна” гэж үзэж байна гэж хэллээ.

"Яриа хэлэлцээ хийх хүсэл байгаа л бол дээд хэмжээний уулзалт нүүр тулсан, эсвэл цахим хэлбэрээр явагдах эсэх нь хамаагүй. Умард Солонгосын тал ямар ч арга барилыг дэвшүүлсэн бид хүлээн зөвшөөрнө" гэж тэрбээр нэмж хэллээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болох учраас түүнд уулзалт зохион байгуулах бага хугацаа үлдсэнийг санууллаа.

Умард Солонгосын дараалсан олон удаагийн пуужин харвах нь алсын тусгалын пуужингийн туршилт хүртэл үргэлжилбэл Солонгосын хойг даруй таван жилийн өмнөх шиг хямралын байдалд орж болзошгүйг тэрбээр мөн анхаарууллаа.

“БНСУ, АНУ, Япон зэрэг гурван орны Батлан хамгаалахын тэргүүн нар пүрэв гарагт утсаар ярихдаа Умард Солонгосын талаас улам нэмэгдэж байгаа пуужингийн заналхийллийн эсрэг нягт хамтран ажиллахаар тохиролцсон” гэж Сөүлийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Батлан хамгаалахын асуудлаар гурван улсын дээд дипломатууд бямба гарагт Хавайд гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэх хамтын хүчин чармайлтын талаар хэлэлцэх юм байна. 

БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр тус улс нэгдүгээр сарын 30-нд "Васон-12" төрлийн газар дунд болон алсын тусгалтай баллистик пуужин харвасан нь шинэ он гарснаас хойш тус улсын хийсэн долоо дахь удаагийн туршилт болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мүн Жэ Ин: Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг урьдчилсан нөхцөлгүйгээр хийх боломжтой  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй