Шууд Chart

ОХУ-ын Төрийн тэргүүн Казахстанд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ

2022-02-11 13:07:43

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төв Азид Москвагийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Казахстанд үзүүлэх цэргийн болон бусад төрлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай пүрэв гарагт Москвад уулзлаа. Энэ нь өнгөрсөн сард Казахстанд олон хүний аминд хүрч, шархадсан Засгийн газрын эсрэг томоохон жагсаалын дараа тус улсын Ерөнхийлөгч ОХУ-ын нийслэлд хийсэн анхны айлчлал байлаа.

Тэрбээр “терроризм” гэж нэрлэсэн жагсаалыг дарахын тулд ОХУ тэргүүтэй аюулгүй байдлын хамтын ажиллагааны гишүүн орнуудаас тусламж хүссэн юм. Хүсэлтийн дагуу тус холбооноос цэрэг илгээснээ зөв үйлдэл байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын үеэр онцоллоо.

“Хэтрүүлэггүйгээр хэлэхэд, Казахстан улс орны хүнд нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашигласан олон улсын зарим бүлэглэлийн золиос болсон” гэж тэрбээр мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “энхийг сахиулах цэргийн хүч” илгээсэнд талархал илэрхийлжээ. Хэлэлцээний дараа Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд цэргийн сургалт, эрчим хүч болон бусад салбарт бүх талын дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ Казахстаны Ерөнхийлөгчийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийнэ гэж тэрбээр сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Украины хямралаас болж АНУ болон Европын орнуудтай зөрчилдсөн хэвээр байна. Тэрбээр Казахстан дахь Оросын оролцоог ашиглан Москвагийн “арын цэцэрлэг” гэж үздэг Төв Азид нөлөөгөө нэмэгдүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Төрийн тэргүүн Казахстанд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ   
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй