Ковидын хязгаарлалттай холбоотой Канадын Оттава хотод өрнөж байгаа жагсаал 13 хоног үргэлжилж байна. АНУ, Канадын хилийн боомтыг том оврын машинууд хаасан байгаа нь автомашины үйлдвэрлэл, хөдөө аж ахуйд томоохон хохирол учруулж байгааг Цагаан ордноос мэдэгдлээ.
Канадын нийслэл Оттава хотод нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн ачаа тээврийн жолооч нар дуут дохиогоор эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлсэн. Даваа гарагийн оройноос эхлэн ачааны машинууд Детройтын автомашин үйлдвэрлэгчид болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх гол зам болох Элчин сайдын гүүрэн дэх Канадын талын урсгалыг хаагаад байна.
Альберта мужийн хилийн боомт мягмар гарагийн оройноос хойш хоёр чиглэлд хаагджээ. "Эрх чөлөөний цуваа" гэж нэрлэгдсэн уг жагсаал гарах болсон гол шалтгаан нь АНУ-ын Засгийн газраас хил дамнасан ачааны машины жолооч нарыг заавал вакцинжуулах, үгүй бол хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавьсантай холбоотой юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэл хийх үеэрээ "Канад, АНУ иргэн бүрт энэхүү жагсаал нөлөөлж нийлүүлэлтийн сүлжээнд асар их хохирол дагуулна. Жагсагчид ч үүнийг ойлгох ёстой. Бид мөн Мичиганаас Канад руу гарах АНУ-ын хөдөө аж ахуйн экспортод гарч болзошгүй хямралыг хянахыг оролдож байна" гэжээ.
Хэрэв Канад руу нэвтрэх гол цэгүүдэд удаан хугацаагаар түгжрэл үүсвэл эдийн засгийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхлэх болно гэж шинжээчид харж байна.
"Бид дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг аль хэдийн хүндрүүлсэн. Тиймээс нийлүүлэлтийн сүлжээний хямрал дээр нэмээд хоёр улсын хилийн боомтод бараа нэвтрэхгүй бол жирийн иргэд л хохирно" гэж мэдэгджээ.
| Оттава дахь жагсаал АНУ, Канадын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйд нөлөөлж байна | ||
| Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.