Африкт 1981 оноос хойш бүртгэгдсэн “хамгийн хуурай” жил тохиож байна. Ган гачгийн улмаас Африкийн тив даяар 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэнийг НҮБ-аас мэдэгдлээ.
Энэ оны эхний улирлын байдлаар Этиоп, Кени, Сомали улсад хамгийн их ган гачиг тохиогоод байна. НҮБ-ын хүнс хөтөлбөрийн мэдээлж байгаагаар гурван улирал дараалан ургац буурч, малын хорогдол дээд хэмжээнд хүрчээ.
Мөн ус, бэлчээрийн хомсдлын улмаас иргэд гэр орноосоо дүрвэж, хоорондоо зөрчилдөж эхэлжээ. Цаашид бага хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа ч ойрын саруудад улам дордож, хүнд нөхцөл байдал үүсгэхээр болоод байгаа аж.
Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн бүс нутгийн онцгой байдлын ахлах зөвлөх Шаун Хьюз: Ган гачгийн улмаас олон хүн зовж байна. Бүс нутгуудаас хамгийн их өлсгөлөнд нэрвэгдсэн 4.5 сая гаруй хүнд хүнсний тусламж шаардлагатай байна. Мөн хоол тэжээлийн цочмог дутагдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний хөтөлбөрт нэн яаралтай 327 сая доллар шаардлагатай байна.
Ган гачгаас үүдэлтэй хүндрэл Этиопын өмнөд болон зүүн өмнөд хэсэг, Кени улсын зүүн өмнөд болон хойд хэсэг, Сомалийн өмнөд төв хэсгийн бэлчээрийн мал аж ахуй, тариаланчдад голчлон нөлөөлжээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц, хөдөө аж ахуйн ажиллах хүчний эрэлт мөн нэмэгдэж, ард иргэдийн хүнс худалдан авах чадварыг улам дордуулж байна.
Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн зүүн африкийн бүсийн товчооны бүсийн захирал Майкл Данфорд: Одоогоор дөрвөн улсад 5.5 сая орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, 1.4 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас хүнд хэлбэрийн цочмог өвчинд нэрвэгдэх аюулд ороод байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас ойрын гурван сард бороо орохгүй бол энэ тоо 50 хувиар нэмэгдэнэ гэж эмээж байна. Хүмүүс амьд үлдэхийн тулд гэр орноо орхин дүрвэж байна. Ургац хураалт сүйдэж, мал сүрэг үхэж, өлсгөлөн улам бүр Африк тивд нөлөөлж байна.
Ган гачигт нэрвэгдсэн гурван улсад Дэлхийн хүнсний хөтөлбөр хүнс, тэжээлийн тусламж үзүүлж байна. Нэмж дурдахад, Дэлхийн хүнсний сангийн мөнгөн тусламж, даатгалын хөтөлбөрүүд нь мал сүргээ амьд байлгахын тулд хоол хүнс худалдаж авах эсвэл хохирлыг нь нөхөхөд тусалдаг.
Одоогоор Дэлхийн хүнсний хөтөлбөр Африкийн ган гачигт нэрвэгдсэн бүс нутгийн 254 сургуулийн 87 мянган хүүхдийг хүүхдийн үдийн хоолонд хамруулж байна. Харин нэмж 50 мянган хүүхдийг сургуулийн хоолоор хангах хөтөлбөртөө нэмж оруулахаар зорьж байгаагаа мэдэгджээ.
| Африкт 13 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна | ||
| Үзсэн: 1318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.