"Умардын урсгал-2" төсөл зогсвол Европын хийн хямрал улам даамжирна...
"Умардын урсгал-2" хийн хоолойн төсөлтэй холбоотой АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдэл олон улсын анхаарлыг хамгийн их татсан. Хэрэв уг төслийг зогсоовол гарч болох үр дагаварыг Европын ард иргэд үүрэхээс гадна, хийн хямрал тодорхойгүй хугацаанд үргэлжилнэ гэж CNN-ний шинжээчид үзэж байна.
Харин Германы канцлер Олаф Шольц хийн хямралаас гарах тал дээр АНУ-тай хамтран ажиллахаа мэдэгдээд байна.
ОХУ болон Украины хилийн хурцадмал байдлаас үүдэн "Умардын урсгал-2" төслийн баталгаажуулалт бүр зогсох эрсдэлтэй болж байна. Талууд дипломат хэлэлцээрт хүрч чадахгүй бол уг асуудлын “эцсийн буулт” нь Европын холбооны эрчим хүч, дулааны хангамж дээр буух магадлалтай. ОХУ-аас нийлүүлж байгаа байгалийн хий нь Европын орнуудын орон сууцны халаалтад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээж төв болон зүүн Европын орнуудад эрчим хүч бол улс төрийн хамгийн том асуудал юм. Харин Умардын урсгал-2 төсөл зогсвол ОХУ-аас Европ руу нийлүүлэх бусад хийн нийлүүлэлт ч зогсож, тэр хэрээрээ аж үйлдвэрлэлүүд ч хумигдах эрсдэлтэй. Тэгвэл энэ том цоорхойг хэрхэн нөхөх тал дээр Германы канцлер Олаф Шольц дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр, "Герман улс маш богино хугацаанд газрын тос, байгалийн хийн хэрэглээг зогсоож, 2045 он гэхэд нүүрсхүчлийн хийнээс ангид дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болно. Тиймээс энэ жил бид маш их зүйлийг хийхээр төлөвлөж байна. Үүнд, далайн болон хуурай газрын салхины эрчим хүч, нарны эрчим хүчийг түлхүү ашиглах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, сүлжээг нь өргөтгөх тал дээр ажиллана. Яг одоо газрын тос, байгалийн хийг ашиглаж байгаа аж үйлдвэрийн процессуудаа өөрчлөх гэж байна. Энэ бол Германд сүүлийн 100 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн том аж үйлдвэрийн шинэчлэлийн төсөл болно. Эрчим хүчний шинэчлэлийн ажлуудыг АНУ-тай хамтран хийнэ." гэжээ.
"Умардын урсгал-2" төслөөр хий урсаагүй байгаа ч тэртээ тэргүй байгалийн хийн үнийн өсөлт Европт аль хэдийн дээд амжилт тогтоогоод байгаа. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, "ОХУ Украин руу довтолбол Умардын урсгал-2 төсөл зогсоно. Бид үүнийг эцэс болгоно." хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Украины мөргөлдөөн үүсвэл аль аль талдаа ямар ч ашиг авчрахгүй гэдгийг олон улсын ажиглагчдаас гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцолсон.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, "Хэрэв Украин НАТО-гийн нэг хэсэг болж, Крымийг цэргийн аргаар эргүүлэн авахыг оролдох юм бол Европын орнууд шууд Оросын цэргүүдтэй мөргөлдөнө. НАТО-гийн чадавхыг Оросынхтой харьцуулах аргагүй юм. Үүнийг бид ойлгож байна. Гэхдээ Орос бол цөмийн зэвсгээр тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Орчин үеийн зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд олон ч гүрнүүдээс түрүүлж байгаа. Тиймээс ялагч тодрохгүй." хэмээн анхааруулсан.
"Умардын урсгал-2" төсөл нь жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай. Энэ нь ХБНГУ-ын жилийн хэрэглээний 50 гаруй хувь юм. Мөн "Умардын урсгал-2" төсөл нь Европын эрчим хүчний тэнцвэрийг хадгалах чухал хөшүүрэг болох хэвээр байгааг барууны шинжээчид онцолсоор байгаа. Учир нь шинжээчид Олаф Шольфийн "Эрчим хүчний шинэчлэлийн төсөл" ойрын хугацаанд хэрэгжихэд хүндрэлтэй гэж харж байна.
| ХБНГУ, АНУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллана | ||
| Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.