Шууд Chart

Их Британи, Герман улс Зүүн Европ руу цэргээ илгээнэ

2022-02-09 12:19:15

Их Британи, Герман улс Зүүн Европ руу цэргээ илгээхээр бэлтгэж байгаа энэ үед Украинтай залгаа хилийн дагуу ОХУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотой хурцадмал байдал хэвээр байна. Үүний зэрэгцээ хямралыг намжаах дипломат хүчин чармайлт үргэлжилсээр байна.

АНУ, Украинтай хөрш зэргэлдээх Польш, Румын зэрэг орнуудад нийт 3000 орчим цэргээ байршуулах шатандаа ороод байгаа юм. Даваа гарагт Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт Литвад 350 хүртэлх цэргээ оруулна гэж мэдэгдсэн бол Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Польш руу 350 цэрэг илгээнэ гэж мэдэгдсэн юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус холбоо Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо бэхжүүлэх талаар хэлэлцэж байгаа талаар тодорхой мэдэгдэл хийсэн.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсоноо хамтарсан мэдэгдэл хийх үеэр мэдээлсэн.

Германы канцлер Олаф Шольц мөн ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд нараа удахгүй Москвад илгээх төлөвлөгөөгөө танилцуулаад байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Оросын аюулгүй байдлын шаардлагад буулт хийхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна. Үүнд НАТО цаашид өргөжин тэлэхээс татгалзах амлалт өгөхийг шаардсаар байгаа юм. Франц, Украины ерөнхийлөгч нар бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтын хүрээнд Украины арми болон ОХУ дэмжигч зэвсэгт хүчний хооронд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Москвад хийсэн айлчлалынхаа дараа мягмар гарагт Киевт ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийлээ. 2014 онд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Украины зүүн хэсэгт үе үе тулалдаан өрнөж байгаа нь илүү өргөн хүрээний мөргөлдөөн болж хувирах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Мөн маргааш Берлинд ОХУ, Украин, Герман, Францын төрийн дээд албан тушаалтнуудын яриа хэлэлцээ болно гэдгийг Францын ерөнхийлөгч мэдэгдсэн. Барууны орнууд НАТО зүүн зүгт тэлэхээ зогсоох баталгаа хүссэн ОХУ-ын шаардлагыг хүлээж авах шинжгүй байгаа тул хурцадмал байдал хэвээр байна. Францын ерөнхийлөгчийн тамгын газар удахгүй болох гэж байгаа цэргийн хамтарсан сургуулилтын дараа ОХУ Беларусийн нутгаас цэргээ гаргана гэдгийг баталлаа гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой даваа гарагт хийсэн хэлэлцээний үеэр цэргээ эргүүлэн татах талаар тохиролцсон гэж тус алба мэдээлсэн байна. ОХУ, Беларусийн хамтарсан сургуулилтыг пүрэв гарагт эхлэхээр төлөвлөжээ.

Франц, ОХУ-ын удирдагч нар мөн Украины асуудлаар хурцадмал байдлыг намжаахын тулд цэргийн ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцсон гэх мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи, Герман улс Зүүн Европ руу цэргээ илгээнэ   
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй