Шууд Chart

Тонгад харилцаа холбоо эргэн сэргэжээ

2022-01-20 15:34:12

Энэ сарын 15-нд томоохон галт уулын дэлбэрэлтэд өртсөн Тонга мужид харилцаа холбоо аажмаар сэргэж байна.

Тонга дахь далай доорх кабел тасарч, утас, интернет холболт тасарснаас бодит байдлын мэдээллийг авч чадахгүй байсан юм. Лхагва гарагт харилцаа холбооны оператор Дижисэл олон улс руу гарах утасны үйлчилгээ сэргэсэн гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Олон улсын харилцаа холбоог сэргээснээр хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулж, хохирлын үнэлгээг хөнгөвчлөх юм.

Нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасын үнсийг цэвэрлэх ажил мөн үргэлжилж байгаа нь Номхон далайн арлын улсад олон улсын тусламж удахгүй ирнэ гэсэн итгэл найдвар төрүүлж байна. Тонга улсын гурван жижиг арлууд цунамийн долгионы улмаас ноцтой хохирол амсжээ.

НҮБ-ын төлөөлөгч Стефан Дужаррик Тонга улсын хүн амын 80 гаруй хувь нь буюу 84 мянга орчим хүн галт уулын дэлбэрэлтэд нэрвэгдлээ гэж НҮБ-ын хүмүүнлэгийн албаныхан мэдээлснийг дамжуулжээ.

Тонга улс олон улсын хамтын нийгэмлэгийн хэрэгцээ шаардлагаа хараахан тодорхойлоогүй байгаа бөгөөд тус улс "ковид-19"-ийн тархалтад санаа зовж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Тонга улсын 106 мянган иргэний 60 орчим хувь нь ковидийн эсрэг вакцины хоёр тун, 70 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан аж.

НҮБ, Улаан загалмайн нийгэмлэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг байгууллага улс орнууд тусламжийн гараа сунгасаар байна. Австралийн батлан хамгаалахын сайд "Бид шаардлагатай бүх зүйлийг хангах болно. Тонга биднээс тусламж гуйсны дагуу дэмжлэг үзүүлэх болно.

Тэд манай бүс нутагт гэр бүлийн маш чухал гишүүн бөгөөд тэдэнд дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлагаа маш нухацтай авч үздэг, манай хоёр улсын хооронд эртнээс нөхөрлөсөөр ирсэн. Австралийн Батлан хамгаалах хүчний дэмжлэгээр Тонга улсыг хөл дээрээ босож, гамшигт үзэгдлээс ангижрахад нь тусална” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тонгад харилцаа холбоо эргэн сэргэжээ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй