Бямба гарагт номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арлын ойролцоо галт уул дэлбэрсний улмаас цунами үүсчээ.
Усан доорх асар том галт уулын дэлбэрэлтийн улмаас метр гаруй долгион Тонга руу унасан байна. Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад галт уулын утаа төвлөрсөн байдлаар тархаж байгааг харуулжээ. Галт уул дэлбэрснээс нэг цагийн дараа утаа 200 км-ийн диаметртэй газрыг бүрхсэн байна.
Тонга улсын албаныхны мэдээлснээр үнсэн үүл 20 мянга орчим метр өндөрт хүрчээ. Тонгад 80 см орчим цунамийн давлагаа ажиглагдсан гэж АНУ-ын далай, агаар мандлын үндэсний агентлаг мэдэгдлээ. Галт уул дэлбэрсэн цэгээс баруун хойш 700 км-ийн зайд оршдог Фижи улсын нийслэл Сува хотод 30 орчим см өндөр давлагаа ажиглагджээ.
Фижигийн оршин суугчид галт уулын дэлбэрэлт яг л аянга ниргэх мэт сонсогдсон гэжээ. АНУ, Япон улс номхон далайн өмнөд хэсэгт галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн цунамигаас урьдчилан сэргийлэх үүднээс Номхон далайн эрэг орчмын иргэддээ эргээс холдохыг зөвлөжээ.

Хунга Тонга-Хунга Хаапай галт уулын дэлбэрэлт номхон далайн өмнөд хэсгээс АНУ-ын газар нутаг хүртэл сонсогджээ. Дэлбэрэлтээс өмнө зүгт 65 км зайд оршдог Тонга арлын олон хэсэг үнсэнд дарагдаж, цахилгаан, утасны шугам, интернетийн үйлчилгээ бараг тасарчээ. Осол гэмтэл, хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Олон нийтийн сүлжээний бичлэгт сүм болон хэд хэдэн байшингууд далайн давлагаанд өртөж байгааг харуулсан бөгөөд гэрчүүдийн хэлснээр нийслэл Нукуалоф үнсэнд дарагджээ. Хунга Тонга арлын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 144 метрийн өндөрт байрладаг. Энэ галт уул өнгөрсөн хугацаанд байнга дэлбэрч байсан бөгөөд 2014 оны 12-р сараас 2015 оны 1-р сар хүртэл усан доорх дэлбэрэлтийн үеэр хоёр арлын хооронд шинэ арал үүссэн байна. Өнгөрсөн 12 дугаар сараас хойш галт уулын идэвхжил үе үе үргэлжилсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Тонга улсын нутаг дэвсгэрт үүссэн цунамийн аюул Япон улсад нүүрлэж болзошгүй байгаа тул тус улсын засгийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Цунамийн давлагаа Японы аль муж хотод хэр хэмжээтэй байхыг урьдчилсан прогноз гаргаж, энэ дагуу олон нийтэд яаралтай анхааруулга зарлаж, 3 метр өндөр давлагаа үүсэх газар нутгийн оршин суугчдыг хорогдох байранд шилжүүлжээ.
Одоогийн байдлаар нийт 8 мужийн 230 мянган хүнийг хорогдох байранд шилжүүлэх шийдвэр гарчээ.
| Тонга арлын ойролцоо галт уул дэлбэрсний улмаас цунами үүсчээ | ||
| Үзсэн: 2179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.