Шууд Chart

БНАСАУ хамгийн сүүлд хэт авиан пуужин туршсан гэдгээ баталлаа

2022-01-12 14:02:10

БНАСАУ-ын төв телевизээр тус улс хамгийн сүүлд хэт авиан пуужин туршсан гэдгээ баталлаа. Мөн уг туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун хамгийн сүүлд туршсан пуужингийн туршилтаа өөрийн биеэр үзсэн байна. Тэрбээр хэт авиан пуужингийн туршилт амжилттай болсныг дүгсний дараа улсынхаа цэргийн хүчийг нэмэгдүүлэхийг тушаажээ.

Тодруулбал, долоо хоногийн хүрэхгүй хугацаанд хоёр удаагийн хэт авиан пуужин туршсан явдалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга санаа зовнилоо илэрхийлж, Япон, АНУ, БНСУ буруушаасан мэдэгдлийг хийсэн. Шинэ он гараад дараалан пуужин туршсан нь Ким Жон Уныг  хамгийн сүүлийн үеийн технологиор армиа бэхжүүлж байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид онцолсон юм. Тэгвэл ажиглагчдын таамаг баттай болсон бөгөөд Умард Солонгосын төв мэдээллийн хэрэгсэл Ким Жон Ун цэрэг армиа бэхжүүлж, хамгийн сүүлийн үеийн зэр зэвсгийн хөгжүүлэхийн даалгасан гэдгийг өнөөдөр баталгаажууллаа.

Пуужингийн туршилтыг үзсэний дараа Ким Жон Ун батлан хамгаалахын эрдэмтдэд хандан "Улс орныхоо стратегийн цэргийн хүчийг чанар, тоо хэмжээгээр тогтвортой бэхжүүлэх, армийг улам шинэчлэх хүчин чармайлтаа цаашид түргэтгэхийг" тушаасан гэлээ. Энэ бол Ким Жон Ун 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа пуужингийн туршилтаа биеэр үзсэн явдал юм. Мөн Сүүлийн үед хийсэн туршилтуудаас ялгаатай нь эрх баригч намын Родонг Синмун сонин нүүр хуудсандаа Ким Жон Уны пуужингийн нээлтэд оролцож байгаа гэрэл зургуудыг нийтэлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Умард Солонгосын бүх баллистик пуужин болон цөмийн туршилтыг хориглож, хөтөлбөртэй холбогдуулан хориг арга хэмжээ авсан байдаг. БНАСАУ-ыг бууж өгөх эсвэл цөмийн зэвсэг, пуужингийн нөөцөө хязгаарлахыг ятгах зорилготой яриа хэлэлцээр зогсонги байдалд орсон бөгөөд Пхеньян АНУ болон түүний холбоотнууд хориг арга хэмжээ авах, цэргийн сургуулилт хийх зэрэг "дайсагнасан бодлого"-оо зогсоосон тохиолдолд л дипломат харилцаанд нээлттэй гэдгээ мэдэгдэв.

Өчигдөр Европын холбоо, Умард Солонгосын пуужин харвасан явдлыг "олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна" гэж буруушааж, дипломат харилцаагаа сэргээхийг Пхеньянд уриалаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ хамгийн сүүлд хэт авиан пуужин туршсан гэдгээ баталлаа  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй