Мьянмарын Төрийн зөвлөх асан Аун Сан Су Чигийн хоёр дахь шатны шүүх хурал өчигдөр боллоо. Уг шүүх хурлаар Аун Сан Су Чид 4 жилийн хорих ял оноогоод байна.
Энэ удаагийн шүүх хурлаар Аун Сан Су Чиг Мьянмарын экспорт-импортын хууль бус холбооны төхөөрөмж эзэмшиж, Харилцаа холбооны тухай хууль зөрчсөн гэж үзэж хоёр жил, мөн цар тахлын үеийн хязгаарлалтыг зөрчсөн гэж хоёр жилийн ялыг тус тус оноосон байна.
Өдгөө 76 настай Аун Сан Су Чи нь тус улсад төрийн эргэлт гарахаас өмнө буюу 11 сарын өмнө Мьянмарын Төрийн зөвлөх байсан юм. Одоогоор Аун Сан Су Чи 10 шахам хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд 100 гаруй жилийн ял авах магадлал өндөр байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Үүнд, 2020 оны сонгуулийн кампанит ажлын үеэр цар тахлын хязгаарлалтыг зөрчсөн, өдөөн хатгасан, хууль бусаар радио зөөвөрлөгч оруулж ирсэн, эзэмшиж байсан, колоничлолын үеийн албан ёсны нууцын тухай хуулийг зөрчсөн, мөн авлигын хэд хэдэн хэрэг байгаа юм. Эдгээр хэргүүд нь тус бүртээ 15 жилийн хорих ялтай байдаг.
Одоогоор олон нийтийн өмнө гараагүй байгаа Аун Сан Су Чи шүүх хурлын үеэр өөрт нь оноосон бүх хэргийг няцаасан байр суурийг илэрхийлжээ. Мөн шүүх хурлын дараа түүний дэмжигчид энэ бол цэвэр улс төрийн ажиллагаа гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Мьянмарын Нейпьидо хотын шүүх Аун Сан Су Чид өдөөн хатгасан, гамшгаас хамгаалах тухай хуулийн 25-р зүйл заалтыг зөрчсөн гэж үзээд 4 жилийн ял оноосон байна.
Харин хунтынхан уг дөрвөн жилийн ялыг хоёр жил болгон бууруулсан юм. Мөн цэргийнхэн Мьянмарын огцорсон Ерөнхийлөгч Вин Мынтийн дөрвөн жилийн хорих ялыг хоёр жил болгон бууруулсан юм.
Одооогоор Мьянмарын цэргийн хунта, олон нийтэд хаалттай болсон шүүх хурлын талаарх мэдээллийг хязгаарласаар байна. Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сард Аун Сан Су Чигийн хуулийн багийнхныг хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөхийг хориглосон юм.
| Аун Сан Су Чид 4 жилийн хорих ял оноолоо | ||
| Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.