Шууд Chart

ОХУ болон АНУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлаарх хэлэлцээ эхэллээ

2022-01-11 14:37:48

Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх Орос-Америкийн хэлэлцээ Женев хотноо өчигдөр эхэллээ. Уг хэлэлцээ нь НҮБ-ын дэргэдэх АНУ-ын төлөөлөгчийн байранд хаалттай хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм.

Хоёр улсын зөвлөлдөх уулзалтыг ОХУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, харин АНУ-ын талаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Вэнди Шерман нар тэргүүлэн оролцож байна.

Эхлээд талууд оройн зоог хамт барих хэлбэрээр урьдчилсан хэлэлцээ хийсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "Хоёр талын яриа хэлэлцээ нь ажил хэрэгч, гайхамшигтай, гэхдээ тун хэцүү уулзалт байлаа" гэж дүгнэжээ.

Уулзалтын гол сэдэв нь ОХУ-аас 12-р сарын дундуур АНУ болон түүний холбоотнууд руу илгээсэн гэрээний төсөл байх төлөвтэй байна. Тодруулбал, уг төсөлд дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг нутаг дэвсгэрт нь хүрэх бүсэд харилцан байрлуулахгүй байх, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэрт НАТО-гийн үйл ажиллагааг үргэлжүүлэхгүй байх, цэргийн сургуулилалтын тоог багасгах зэрэг заалтуудыг багтаасан байна.

Хэлэлцээ эхлэхээс өмнө АНУ нь ОХУ-ын зарим саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын талаас хатуу байр суурь баримтлана гэдгийг Сергей Рябков мэдээлсэн юм. Үүний зэрэгцээ Сергей Рябков АНУ-тай хийх яриа хэлэлцээ нь зөвхөн нэг уулзалтаар л хязгаарлагдаж болзошгүйг онцлон тэмдэглэжээ.

Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх яриа хэлэлцээ үндсэндээ гурван үе шаттай явагдана. Үүнд дээрх хэлэлцээрээс хоёр хоногийн дараа буюу энэ сарын 12-нд Брюссель хотноо Орос-НАТО-гийн зөвлөлийн хурал, харин дараагийн өдөр нь буюу энэ сарын 13-нд Вена хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай зөвлөлдөх уулзалтуудыг хийнэ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ болон АНУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлаарх хэлэлцээ эхэллээ  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй