АНУ болон Япон улсын Гадаад харилцаа, батлан хамгаалахын сайд нарын аюулгүй байдлын хэлэлцээ, цар тахлын улмаас цахимаар боллоо. Энэ удаагийн уулзалтаар талууд батлан хамгаалах, тэр дундаа дуунаас хурдан зэвсгээс үүдэлтэй аюул заналхийллийг эсэргүүцэх арга замыг судлах, хөгжүүлэх чиглэлд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.
Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Японы талаас Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо нар оролцлоо.
"2+2" гэж тодорхойлдог уг уулзалт нь холбоотон орнуудын харилцааг шинэ түвшинд хүргэх, ялангуяа хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх зорилготой уулзалт байдаг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёр орны цэргийн оролцооны зардлыг хуваалцах шинэ таван жилийн гэрээг байгуулж байгааг онцолсон юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Шинэ таван жилийн гэрээ нь холбоотон орнууд цэргийн бэлэн байдал, харилцан ажиллах чадварыг гүнзгийрүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх үндсэн зорилготой. Мөн бид дуунаас хурдан зэвсэг болон сансрын хүчинд суурилсан технологи зэрэг шинээр гарч ирж буй салбарт хамтран ажиллах, судалгаа хөгжлүүлэлтийг хийх зорилгоор уг гэрээг эхлүүлж байна" гэв.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин "Өнөөдрийн бидний уулзалт өнгөрсөн хавар Токиод болсон яриа хэлэлцээг бататгах, цаашлаад дараа дараагийн уулзалт, хэлэлцээний хүрээг тодорхойлох нэг чиглэл гэж харж байна. Үүний зэрэгцээ энэ уулзалтаар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хурцадмал байдал, сорилтууд нэмэгдэж байгаа асуудлыг голчлон авч хэлэлцлээ. Ялангуяа Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал онцгой анхаарал татаж байна. Тиймээс бид цаашид хамтын ажиллагаагаа улам нягт бэхжүүлж, бэлэн байдлаа хангах, нэгдмэл байр суурьтай байж, дараагийн алхмаа хийхэд санал нэгдлээ" гэжээ.
Японы талаас энэ уулзалтыг холбоотон орнууд дэлхийн тавцанд хүчтэй, эв санаа нэгтэй байгаа гэдгээ дахин нотоллоо гэж онцолж байна. Япон дахь Америкийн цэргийн оролцооны зардлыг хуваах шинэ томьёоллын тухай энэ хэлэлцээр нь Вашингтон-Токиогийн харилцаанд Трампын үеийн маргааныг эцэс болголоо гэж олон улсад харж байна.
Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өргөжин тэлж байгаа БНХАУ-ын цэрэг-батлан хамгаалах салбар болоод эдийн засгийн хүч нөлөөний эсрэг Жо Байдены засаг захиргаа холбоотнуудтайгаа бодлогоо уялдуулах зорилготой гэж улс төрийн хүрээнд харж байна.
| АНУ болон Япон улс батлан хамгаалахын шинэ гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.