Казахстаны Алматы хот болон бусад хэд хэдэн хотуудад шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн жагсаал өрнөлөө. Эсэргүүцлийн жагсаал нь эмх замбараагүй байдал болон хувирснаар Мангистау мужид хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал зарлалаа гэж тус улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын ажлын албанаас мэдэгдлээ.
Мөн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилоод байна.
Тодруулбал, энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Алматы хотын төвд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн эхэлжээ. Гэвч эсэргүүцлийн хөдөлгөөн бусад хотуудад тархсан бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат ашигласан байна. Казахстан улсад шинэ он гараад л шатахууны үнэ огцом өссөнд бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаалаа Мангистау мужийн газрын тосны төв гэгдэх Жанаозен, Актау хотоос эхэлсэн юм.

Газрын тосоор баялаг тус улсад ийм үйл явдал өрнөх нь нэн ховор тохиолдол юм. Мягмар гарагийн орой тус улсын засгийн газраас Мангистау мужид шатахууны үнийг литр тутамд нь 50 тенге буюу (11 цент) –ээр, зах зээлийн үнээс хоёр дахин бууруулж байгаагаа зарласан байна.
Гэвч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаев засаг огцруулах зарлигт гарын үсэг зурлаа. Уг зарлигт, "Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг, түр орлон гүйцэтгэгч Алихан Смайловт даалгасугай" гэж дурдсан байна. Мөн ерөнхийлөгч Касым Жомарт Токаевийн ажлын албаны цахим хуудсанд мэдээлсний дагуу өглөөний 7 цагаас эхлэн хөл хөдөлгөөн хязгаарлагдаж, олон нийтийн цугларалт хийхийг хоригложээ.

Үүнд 07.00-23.00 цаг хүртэл хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ, ажил хаялтыг хориглох, зэвсэг, сум, согтууруулах ундаа худалдахыг хориглох, улсын онц чухал объектуудын хамгаалалтыг нэмэгдүүлэх зэрэг заалтуудыг тусгасан байна. Мөн Алматы руу орох, гарахыг хязгаарлаж, бичиг баримтыг шалгаж, тээврийн хэрэгслийг шалгана гэжээ.
Тэгвэл ерөнхийлөгч Касым Жомарт Токаев засаг огцрохоос хэдхэн цагийн өмнө ард иргэддээ хандан үг хэлэхдээ, "Засгийн газар унахгүй, гэхдээ бид зөрчилдөөн бус харилцан итгэлцэл, яриа хэлэлцээрт хүрэх ёстой гэж мэдэгдсэн юм. Яг энэ үеэр Алматы хотын захирагчийн байр руу иргэд дайрч эмх замбараагүй байдал үргэлжилсэн бөгөөд цагдаа нар удалгүй төв талбайг хяналтандаа авчээ.

Гэвч ойролцоох гудамжууд болон хотын бусад хэсэгт дэлбэрэлтийн чимээ тасралтгүй сонсогдсоор байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн видео бичлэгүүдэд цагдаагийн машинууд шатаж, мөн хотын гол гудамжуудаар хуягт машинууд явж байгааг харуулсан байна. Нийт 19 сая хүн амтай тус улсад олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахдаа урьдчилан мэдэгдээгүй л бол хууль бус гэж үздэг аж.
Жагсаал Мангистау муж болон Казахстаны бусад хотуудыг хамарсан бөгөөд, Мангистау мужийн төв Актау дахь Казахстаны хамгийн том газрын тос олборлогч Тенгизшевройл компанийн туслан гүйцэтгэгчдийн ашиглаж байсан ажилчдын лагерьт хүртэл тархжээ. Харин уг жагсаал газрын тос олборлогчдын үйлдвэрлэлд нөлөөлөөгүй гэж мэдэгдлээ.








| Казахстаны Засгийн газар огцорч, "Онц байдал" тогтоолоо | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.