Шууд Chart

НҮБ: Мадагаскарт уур амьсгалын нөлөөгөөр өлсгөлөн болж байна

2022-01-04 12:58:59

Энэтхэгийн далайд орших Мадагаскар улсын нэг сая гаруй хүн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас удаан үргэлжилж байгаа ган гачгаас болж хоол хүнсний хомсдолд оржээ.

Тодруулбал, Мадагаскарын өмнөд хэсэгт дөрвөн жил дараалан ган гачиг болж, гол мөрөн ширгэж, фермүүд сүйрсэн гэж НҮБ-ын албаны хүмүүс мэдэгдлээ. Газар тариалан бол тус арлын улсын гол амьжиргаагаа залгуулдаг салбар юм.

Мадагаскар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн анхны улс болох төлөвтэй байна. Өмнөд бүс нутгуудад 1.3 сая гаруй хүн хүнсний хомсдолд оржээ. Тэдний 30 мянга орчим нь “өлсгөлөнтэй төстэй нөхцөл байдалтай” тулгараад байгаа аж.

Тосгоны эрүүл мэндийн төвүүдэд үзлэгт хамрагдсан ихэнх хүүхдүүдэд хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг илэрч байгааг албаныхан хэлж байна. НҮБ Мадагаскарт яаралтай хүнсний тусламж үзүүлж байна. Тус байгууллага дэлхийн олон улс орнуудаас дэмжлэг авч байгаагийн дотор Япон улс 2.6 сая доллар хандивлажээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Мадагаскар дахь дэд захирал түгшүүрийн дохио зарлалаа. Тэрбээр “Мадагаскар бол хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалтай тулгарсан дэлхийн цорын ганц улс боллоо” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Мадагаскарт уур амьсгалын нөлөөгөөр өлсгөлөн болж байна  
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй