Шууд Chart

БНАСАУ шинэ оны баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ

2022-01-02 14:08:56

Дэлхийн улс орнууд Омикрон хувилбарын тархалтаас үүдэн баярын арга хэмжээнүүдээ цуцалж байхад Умард Солонгос улс шинэ оны баярыг  төв талбайдаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Цар тахлын давлагаанд өртөөгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун 2021 оныг дүгнэж, энэ оны бодлогуудаа тодорхойлж, намын хурлаа өндөрлүүлсэн юм.

Ким Ир Сений талбайд Умард Солонгосын ард иргэд цугларч шинэ оныг угтжээ.  Дэлхийн олон оронд шинэ жилийн баярын томоохон арга хэмжээнүүд цуцлагдаж, эсвэл даруухан зохион байгуулж байхад Умард Солонгос улс ийнхүү тэмдэглэсэн олон улсын анхааралд өртсөн байна.  Хоёр жилийн турш хилээ хаасан тус улсын хувьд коронавирусний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-аас баталсан. 

Мөн Умард Солонгос улс бүтэн хоёр жилийн хугацаанд хилээ хаасан нь эдийн засгийн бие даасан байдалд шилжих эхний алхам болж байна гэж өнөөдөр өндөрлөсөн намын хурлын үеэр Ким Жон Ун онцолжээ.

Тэгвэл удирдагч Ким Жон Уны хувьд эрх барьсан 10 жилийн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэсний дараа, улс орныхоо энэ жилийн гадаад бодлогыг тодорхойллоо. Тус улс АНУ болон БНСУ-тай Солонгосын хойгт дайн дууссаныг тунхаглах талаар яриа хэлэлцээгээ  ойрын хугацаанд сэргээх сонирхолгүй байгаа нь эрх баригч намын хурлаас харагдаж байна гэж зарим шинжээчид үзэж байна.

Тэгвэл энэ удаагийн намын хурлаар Умард Солонгосын удирдагч зэр зэвсгийн хөтөлбөрөөс гадна цаашид хөдөө аж ахуйн хөгжил, эдийн засгийн хараат бус байдалд анхаарлаа хандуулах талаар ярьжээ. Умард Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр, эрх баригч намын хуралд цаашид өмнөдийн талтай хэрхэн харилцах тал дээр тактикийн чиглэлээ тодорхойлсон. Гэхдээ ямар тактикаар өмнөдтэй харилцаатай явах нь одоогоор тодорхой бус байна гэлээ. 

Харин АНУ-ын талаар огт дурдаагүй бөгөөд цаашид цэргийн хүчээ сайжруулахын тулд хүчирхэг орчин үеийн зэвсгийн систем үйлдвэрлэхийг тушааж, Умард Солонгосын цэргийн армийг эрх баригч намдаа үнэнч зүтгэхийг уриалсан гэлээ. Цар тахлын улмаас хоёр жил орчим хаалттай байсан Умард Солонгосын эдийн засгийн нөхцөл байдлыг  Өмнөд Солонгосын тал тооцоолон гаргажээ. Тус улс 2020 онд эдийн засгийн хамгийн том түнш БНХАУ-тай хийх худалдаагаа  80 орчим хувиар бууруулжээ. Энэ нь Умард Солонгос Хятадтай хийдэг худалдаагаа гуравны хоёр хувиар бууруулсан гэсэн үг.

Мөн 2020 оноос хилээ хаасан Умардын эдийн засаг 1997 оноос хойших хамгийн том уналтад орсон бол үр тарианы үйлдвэрлэл нь Ким Жон уныг 2011 онд засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ шинэ оны баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй