Шууд Chart

Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг олон хязгаарлалтын дор угтлаа

2022-01-02 13:59:56

Өнгөрсөн оны сүүлээр коронавирусний Омикрон хувилбар дэлхий дахинд тархаж эхэлснээр, улс орнууд шинэ жилийн баярын үйл ажиллагааг цуцалж эхэлсэн. Тухайлбал, Парис хот салют буудуулах шоугаа цуцалж, харин Лондон хот баярын арга хэмжээгээ телевизээр шууд дамжуулсан бол Куала Лумпурын Петронас цамхаг дээрх уламжлалт салют буудуулах арга хэмжээ даруухан болж өнгөрлөө.

Коронавирусний эсрэг вакцин гарсны дараа дэлхий нийтээрээ 2022 оны шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ гэж найдацгааж байсан. Тэгвэл Өмнөд Африкийн Омикрон хувилбарын гэнэтийн тархалт нь оны эцэст бүх таамаглалыг орвонгоор нь өөрчиллөө гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм.

Өнгөрсөн долоон хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын тархалт дээд амжилт тогтоож, арванхоёрдугаар сарын 24-30-ны хооронд өдөрт дунджаар нэг сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин ДЭМБ нас баралт өсөөгүй гэж мэдээлсэн нь шинэ хувилбар үхлийн аюул багатай гэсэн итгэлийг төрүүлж байна. Нью-Йорк хотод лхагва гарагт 44 мянган тохиолдол бүртгэгдсэн бол Пүрэв гарагт дахин 43 мянган тохиолдол бүртгэгдсэн тул шинэ жилийн баяраар Таймс скүэрт 15 мянган хүн л цуглах боломжийг олгожээ. Харин Парис хотын Элизейн талбайд төлөвлөсөн арга хэмжээ цуцлагдсан байна.

Мөн Амстердам хотын төв талбайд шинэ оны баяр тэмдэглэхээр очсон олон мянган иргэдийг цагдаа нар хүчээр тараасан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.  Харин Лондон хотод болсон гэрлийн шоу, салют буудуулах ёслолыг тус улсын телевизүүд шууд дамжуулан үзүүлжээ.

Хамгийн сонирхолтой нь шинэ оны өмнөхөн Өмнөд Африкийн бүгд найрамдах  халдварын тохиолдол багассан гэж үзээд хөл хорионы дэглэмээ гэнэт цуцалсан юм. Тус улс Омикрон хувилбарын анхны тохиолдлыг зарласан ч өнөөдөр нөхцөл байдлыг хяналтдаа авч чадсан гэж мэдээлжээ. Харин Австралийн Сидней хотын дуурийн театрын дээгүүр гайхалтай салютууд гялалзаж, шинэ жилийг сүр дуулиантай угтсан юм. Гэсэн ч тус хотын ард иргэд хязгаарлалтуудын дунд шинэ оныг угтаж халдвар хамгааллын дэглэмийг баримталсан гэж эрх баригчид мэдээлжээ.

Тэгвэл Мадридын ард иргэд Пуэрта-дель Соль талбайд шинэ оныг угтахаар олон цагаар дараалалд зогссон бөгөөд тус улсын эрх баригчдын зүгээс  арга хэмжээ авч, амны хаалтгүй хүнийг буцааж байсан юм.

Мөн шинжилгээний цэгүүдийн хүчин чадлыг ердийнхөөс 60 хувиар нэмсэн байна. Дэлхийн улс орнууд шинэ оны баярыг олон хязгаарлалтын дэглэмүүд дор ийнхүү тэмдэглэн өнгөрүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг олон хязгаарлалтын дор угтлаа  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй