Шууд Chart

АНУ, БНСУ “Солонгосын дайн”-ыг дуусгавар болох тухай тунхаглалын төслийг дэмжлээ

2021-12-31 16:02:32

Тунхаглалын төслийг дэмжсэн талууд Умард Солонгосын талтай яриа хэлэлцээ өрнүүлэх тал дээр ахиц дэвшил гаргахаар олон талын арга хэмжээг авч ажиллана гэж мэдэгдлээ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чой Жун Кунг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкин нар долоогийн бүлгийн хуралдааны үеэр Солонгосын хойгт дайн дууссаныг албан ёсоор зарлах тунхаглалын төсөл маш үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэсэн юм.

Хэдийгээр АНУ болон БНСУ тунхаглалд ихээхэн ахиц дэвшил гаргасан ч Умард Солонгосын талаас, талуудын яриа хэлэлцээнд ямар нэгэн хариу өгөөгүй хэвээр байгаа юм. Гэхдээ энэ сарын 23-ний өдөр БНСУ, БНХАУ-тай сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд анх удаа зарим “эмзэг” асуудлаар "Стратегийн яриа хэлэлцээ" хийсэн. Үүний дараа АНУ, БНСУ, Умард Солонгосын зүгээс Солонгосын хойгт дайн дууссаныг зарлахад бэлэн байна гэж Мүн Жэ Ин мэдэгдэж байсан юм. 1950-1953 оны хооронд үргэлжилсэн хоёр Солонгосын дайн  АНУ, ЗХУ, БНХАУ зэрэг орны оролцоотойгоор өрнөсөн бөгөөд өнөөг хүртэл дайн дууссаныг албан ёсоор тунхаглаагүй, гал зогсоох түр хэлэлцээртэй явж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чой Жун Кунг хэлэхдээ “Манай Засгийн газар Умард Солонгосын гадаад бодлогын чиг хандлагыг олж мэдэхийн тулд даваа гарагаас хойш үргэлжилж байгаа Умард Солонгосын эрх баригч намын гол хурлыг анхааралтай ажиглаж байна. Бээжингийн олимпын тухайд АНУ тэргүүтэй орны дипломат бойкотод нэгдэхгүй, мөн Засгийн газрын төлөөлөгчдийг хэрхэн илгээх талаар удахгүй шийдвэр гаргана” гэжээ. Мөн тэрбээр "Бээжингийн өвлийн олимп нь хоёр Солонгосын харилцааг сайжруулах чухал  боломж болно гэж бид найдаж байна. Мүн Жэ Ин Ерөнхийлөгч Солонгосын хойгт энх тайвныг тогтоох үйл явцыг дахин эхлүүлэхийн тулд бүх боломжоо ашиглана гэдгийг онцоллоо. Учир нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Үүнээс өмнө БНСУ-ын талаас дайн дууссаныг тунхаглах тал дээр ажлын явцыг түргэсгэх саналтайг байгааг мэргэжилтнүүд дурдсан юм.

2019 онд АНУ болон Умард Солонгосын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болсон ч, тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн. Үүнээс хойш Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээ гацсан хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ “Солонгосын дайн”-ыг дуусгавар болох тухай тунхаглалын төслийг дэмжлээ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй