Сингапур улс өчигдрөөс тус улсыг зорих жуулчдад онгоцны тасалбар борлуулахаа зогсоож, хилийн хязгаарлалтаа дахин чангатгалаа. Энэ нь "Омикрон" хувилбарын тархалттай холбоотой бөгөөд ийм арга хэмжээ авч байгаа нь тус улсыг шинэ давлагаанд өртүүлэхгүй байх эхний арга хэмжээ юм гэж Сингапурын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Сингапур улсын тавьсан хилийн хязгаарлалт ирэх оны нэгдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ гэлээ. Энэ хязгаарлалт нь тус улсыг зорин ирэх нислэг болон автобусанд хамааралтай юм байна.
Гэхдээ Сингапурыг зорин ирэхээр тасалбараа аль хэдийнэ захиалсан 2 тун вакцинтай жуулчид тус улсад ирж болох бөгөөд ямар нэг хөл хорионд оролгүйгээр аялал хийж болно. Харин шинэ хязгаарлалтын дагуу Сингапурт ирж байгаа аялагчид ПиСиАр-ын шинжилгээний сөрөг хариутай байх бөгөөд эхний долоо хоногт өдөр бүр “түргэвчилсэн шинжилгээ” өгөх дүрмийг мөрдөнө.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд хилийн хязгаарлалтыг тавьснаар бидэнд "Омикрон" хувилбарыг судлах, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд тусална гэжээ.
Сингапур улсад одоогоор "Омикрон" хувилбарын 65 тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл тус улсын нийт хүн амын 96 хувь нь вакцины эхний тунд, 87 хувь нь вакцины 2-р тунд хамрагдсан байна. Мөн нийт хүн амын 34 хувь нь нэмэлт тунд хамрагджээ.
Сингапур улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар ирэх даваа гарагаас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхэлнэ гэлээ. Тус улс "Ковидтой дасан зохицож амьдрах" стратегийн хүрээнд “вакцинтай аяллын хөтөлбөр” хэрэгжүүлж, хилээ нээгээд удаагүй байна.
Гэвч "Омикрон" хувилбарын гэнэтийн тархалт нь Сингапурыг дахин хилээ хаахад хүргэлээ. Дэлхий дахинд "Омикрон" хувилбар дэгдсэнээс хойш Катар, Саудын Араб, АНЭУ тэргүүтэй улсууд, Өмнөд Африкийн улсуудтай хийх нислэгүүдээ цуцалсан бөгөөд "Омикрон" асар хурдтай тархдаг нь батлагдсанаас хойш хилийн хязгаарлалтуудаа эргэн сэргээж эхэлж байна.
Сингапурт хилийн хязгаарлалт дахин эхэлсэнтэй холбогдуулан тус улсын иргэний нисэхийн газраас газраар ирэх зорчигчдод дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй өгнө гэж мэдэгдлээ.
| Сингапур улс хилийн хязгаарлалтаа дахин чангатгалаа | ||
| Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.