Филиппинд болсон хар салхины улмаас амиа алдагсдын тоо 208 болж нэмэгдлээ гэж үндэсний цагдаагийн газраас өнөөдөр мэдэгдсэн нь тус улсад сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй хар салхины нэг болж байна.
Тодруулбал, Филиппиний Архипелагийн өмнөд болон төвийн бүс нутгийг дайрсан Рай хар салхины улмаас наад зах нь 239 хүн бэртэж, 52 хүн сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 195 км/цаг хурдтай хар салхи тус улсын зүүн өмнөд арлуудыг дайрчээ.
Хэд хэдэн газартай холбоо тасарсан тул хохирлын хэмжээг тогтооход хэцүү байна. Зарим газар дэлхийн хоёрдугаар дайнаас ч дор бөмбөгдөлтөд өртсөн мэт дүр зурагтай байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо урт хугацааны тусламжийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд 20 сая Швейцар франк хүсч яаралтай уриалга гаргажээ.
Мөн “Манай тариаланчид, загасчдын талбай, завь сүйрсэн. Бид гэр орноо алдлаа. Хана дээвэр урагдаж хийссэн. Бидэнд хоол хүнс, усны нөөц хомсдож байна.” Динагат арлын амбан захирагч мэдэгдсэн байна.
2013 онд тус улсад болсон Хайян хар салхины үеэр 6000 гаруй хүн нас барсан. Энэ нь тус улсын түүхэнд дэх хамгийн их үхэл авчирсан шуурга болсон юм. Филиппинд жилд дунджаар 20 орчим хар салхи, шуурга болдог.

| Филиппинд хар салхины улмаас амиа алдагсдын тоо 208 хүрлээ | ||
| Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.