Шууд Chart

Их Британи болон Австрали улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа

2021-12-18 12:25:21

Талууд харилцан татваруудаа тэглэхийн зэрэгцээ 10.4 тэрбум фунт стерлингийн нэмэлт худалдааг татваргүй хийхээр төлөвлөжээ. Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийн нэг болох Номхон далайг дамнасан түншлэлд нэгдэх эрмэлзэлтэй  Их Британийн хувьд чухал хөшүүрэг болно гэж ажиглагчид үзэж байна.

Их Британийн Олон улсын худалдааны нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян: “Бид Брикситээс гарсны дараах анхны томоохон худалдааны хэлэлцээрээ хийлээ. Энэ бол үнэхээр түүхэн хэлэлцээр болж байна. Ингээд бид гүн гүнзгий, урт удаан харилцаандаа тулгуурлан түүхийн шинэ хуудсаа нээж байна. Мөн бид хамтдаа хүчин чармайлт гаргаж өнгөрсөн онуудад 14-18 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хэмжээний худалдаа хийсэн нь талуудын эдийн засгийн сэргэлтийг урагшлуулсан. Хэлэлцээр хийгдсэнээр чөлөөт худалдаа эрхлэдэг агуу улсуудыг дахин нэгтгэж, орчин үеийн худалдааны жишиг тогтооно гэж харж байна” гэв.

Австралийн Худалдааны сайд Дан Техан: “Брикситээс хойших  анхны худалдааны хэлэлцээрээ бидэнтэй хийж байгаад  маш их баяртай байна. Их Британи Европын холбоонд элссэнээс хойш манай хөдөө аж ахуйн салбарт ямар хүндрэл бэрхшээл тулгарсныг би одоо ч санаж байна. Харин өдгөө Их Британи, Австралийн хооронд эдийн засгийн боломжууд дахин бий болж, бид алдаагаа засах гэж байна. Энэ бол Их Британи болон Австралийн иргэдэд зориулсан гайхалтай мэдээ юм” гэлээ.

Австрали улс үхэр, хонины махныхаа 70 орчим хувийг Ази, Номхон далайн зах зээлд нийлүүлдэг. Тэгвэл хэлэлцээр хийгдсэнээр Их Британид дахин нэг сонголт гарч ирж байна. Мөн Австралийн дарс, үхрийн мах, элсэн чихрийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хэлэлцээр боллоо. Учир нь улс төрийн хурцадмал асуудлаас болж Австралийн экспортын гол зах зээл болох Хятад улс эдгээр бараануудыг бойкотлоод байгаа юм. Үүнээс гадна хэлэлцээрийн үр дүнд Австраличууд Их Британид ажиллаж, амьдрахад хялбар болж байна. Австралид үйлчилгээний чиглэлээр илүү их бизнес эрхлэх зорилготой Британийн компаниуд үүнийг талархан хүлээж авч байна. Тэгвэл Австралитай хийсэн хэлэлцээр нь Их Британийн эдийн засгийг 2035 оноос хойш жил бүр 2.3 тэрбум фунт стирлингээр нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.08 хувь юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи болон Австрали улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй